Амжилттай, аз жаргалтай амьдрахад саад болдог хамгийн том дайсан бол бүх төрлийн сөрөг мэдрэмжүүд байдаг. Тиймээс хамгийн түрүүнд эдгээр сөрөг мэдрэмжүүдээ устгахыг гол зорилгоо бологох хэрэгтэй.
Сөрөг мэдрэмжүүд яг хаанаас гарч байгаа үндсийг нь мэдэхгүйгээр устгана гэдэг хэцүү.
Айдас, атаа жөтөө, хар санаа, өөрийгөө өрөвдөх, уур уцаар, өөрийгөө дор үзэх зэргүүд бүгд сөрөг мэдрэмжийг үүсгэдэг.
Сөрөг мэдрэмжийг үүсгэх 4 хүчин зүйл байдаг. Энэ 4 хүчин зүйлийг олж тогтоогоод, оюун ухаанаасаа зайлуулснаар сөрөг мэдрэмжүүдээ шууд устгана. Сөрөг мэдрэмжүүдийг устгаж эхэлсэн тэр мөчөөс эерэг мэдрэмжүүд болох хайр, амгалан байдал, баяр хөөр, эрх чөлөө г.м. орлож, бидний амьдрал тэр дороо өөрчлөгдөж эхлэнэ гэсэн үг. Тэгэхээр энэ 4 хүчин зүйлс юу вэ?
1. Бусдыг муулж, өөрийгөө зөвтгөх.
Жишээ: Алимаагийн ажил дээр цомхтгол болоод Алимаа ажилгүй болжээ гэж үзье. Энэ тохиолдолд Алимаагийн уур маш их хүрнэ. Алимаа зүв зүгээр ямар ч доголдол гаргаагүй, ажлаа сайн хийж байхад намайг халаад байхдаа яадаг юм бэ? Сарааг халаагүй байж яахаараа намайг халдаг юм бэ? гээд л өөрийгөө зөвтгөөд л, даргадаа уурлаад л, компаниа муулж яриад л, уурлаад л, эсвэл ийм байхад уур хүрэхгүй яадаг юм бэ гэж уурлаж байгаагаа батлах тусам Алимаагийн уур бүр их хүрч, сөрөг мэдрэмжүүдийг бүр ихээр мэдэрч, сөрөг бодлууд Алимааг тэр чигээр нь эзэмдэнэ.
Харин түүний оронд эдийн засгийн байдлаас болж хаа сайгүй л цомхтгол хийдэг. Би ганцаараа ажилгүй болчихоод байгаа юм биш. Тиймээс дараагийн өөрт тохирсон ажлыг хурдан олох хэрэгтэй гэж бодонгууд Алимаагийн сөрөг мэдрэмж шууд алга болно. Алимаа тайвширна, бодол санаа нь цэгцрэнэ, мөн зорилго руугаа өөрийгөө илүү чиглүүлж өгнө гэсэн үг.
2. Шалтаг тавьж, өөрийгөө зөвтгөх.
Ямар нэгэн зүйл хийх юмсан гэж бодсон ч түүнийгээ хийж чадахгүй байгаадаа ихэнх хүмүүс гутардаг, харамсдаг, шаналдаг. Тиймээс яагаад чадахгүй байгаа тухай тайлбар тавьж эхэлдэг. Энэ тайлбарыг шалтаг гэнэ. Тавьж байгаа шалтаг нь ямар ч хүний нүдээр харахад үнэмшилтэй, хүчтэй тийм шалтгийг хайж олж өөрийгөө зөвтгөдөг.
Жишээ: Алимаа бүжгийн дугуйланд явах юмсан гэж дандаа боддог. Гэвч шалтаг тавьсаар байгаад одоо болтол бүжгийн дугуйланд явж чадаагүй. Одоогийн тавьж байгаа Алимаагийн шалтаг бол “бүжгийн дугуйланд явах гэхээр хөгшдөөд байна” гэдэг шалтаг тавьж байгаа юм. Алиамаа одоо 40 гарчихсан гэж үзэхэд тавьж байгаа шалтагийг хэн нэгэн сонсвол нээрээ л Алимаа залуу хүнтэй харьцуулахад хөгшдөөд байна гэж хэлэх нь аргагүй гэж бодогдоно. Тиймээс энэ шалтаг үнэмшилтэй бас хүчтэй шалтаг болж байгаа учраас Алимаа өөрийгөө байнга зөвтгөж, түүнийгээ үргэлж өөртөө хэлж, бусдад ярих болгонд сөрөг мэдрэмжийг өөртөө үүсгэнэ.
Шалтаг тавьснаар сөрөг мэдрэмжүүд, сөрөг бодлуудыг идэвхжүүлж байдаг.
Жишээ 2: Булгааг авч үзье. Булгаа хүссэн ажилдаа орох гэхээр их дээд сургууль төгсөөгүй учраас хэн ч намайг авахгүй гэдэг бодолдоо автаад хүссэн ажилдаа хэзээ ч орох гэж оролдож байгаагүй. Түүний тавьж байгаа шалтаг “сургууль төгсөөгүй учраас”. Үүнийг сонссон хүн нээрээ л сургууль төгсөөгүй бол хэцүү л дээ, аргагүй л үнэн гэж бодно. Тиймээс Булгаагийн гаргасан шалтаг нь мөн ялгаагүй үнэмшилтэй, хүчтэй ба түүнийгээ өөртөө хэлэх тусам хүссэн ажилдаа хандаж чадахгүй байгаа нь өөрийнх нь зөв гэдгийг батлаад, түүндээ итгэж, түүндээ шаналж сөрөг мэдрэмжүүдийг үүсгэх жишээтэй.
3. Бусдын үзэл бодолд нийцэх.
Бусад хүмүүсийн үзэл бодлыг өөрийн үзэл бодлоос илүүд үзснээр өөрт сөрөг мэдрэмжүүдийг үүсгэж байдаг.
Бусдын үзэл бодолд нийцэхийг хичээдэг хүмүүс өөрийн үнэ цэнэгүй, өөрийн үнэлэмж маш доогуур байдаг. Тийм ч учраас бусдаас ирэх шүүмжлэлд маш эмзэг хандаж, ичих, өөрийгөө өмөөрөх, сэтгэлээр унах бүүр зовлон цөхрөлд ч орох тохиолдол их элбэг байдаг.
Үнэнийг хэлэхэд бид өөрсдөө л хүмүүс намайг юу гэж бодох бол гээд хүмүүсийн өмнөөс бодоод, түүнийгээ төсөөлөөд яваад байдаг болохоос биш үнэндээ хүмүүс таны тухай бодох завгүй гүйж байдаг, тэд өөрсдийн гэсэн амьдралтай, өөрсдийн гэсэн асуудалтай хүмүүс. Тиймээс тэд өөрсдийнхөө л амьдрал ахуй, асуудал дээр анхаарлаа илүү төвлөрүүлчихсэн явж байгаа болохоос биш, юун таныг бодох мантай гэдгийг мэдэхэд илүүдэхгүй бизээ.
4. Бусдыг буруутгах.
Өөрийн үүсгэсэн асуудалд бусдыг байнга буруутгах явдал нь сөрөг мэдрэмжүүдийг үүсгэх 4 дэх хүчин зүйл болдог. Үүнээс сэргийлэхийн тулд миний амьдралыг надаас өөр хэн ч харриуцахгүй гэдгийг мэдэж, ойлгох хэрэгтэй. Өөрөө өөрийнхөө амьдралд эзэн болж сурах хэрэгтэй.
Хэрвээ та өөрийгөө хэн нэгнийг буруутгаж байгаагаа гэрчлэх тэр үед ”Үүнд би хариуцлагатай! Надад амьдралаа 100 % хариуцах чадвар бий!” гэдэг амжилтын тарнийг уншихыг санал болгож байна. Үүнийг өөртөө давтаж хэлэнгүүт сөрөг мэдрэмж эерэг болон өөрчлөгдөхийг та анзаарах болно.
Тэгэхээр бусдыг муулж өөрийгөө зөвтгөх, шалтаг тоочиж өөрийгөө зөвтгөх, бусдын санаанд нийцэхийг хичээх, бусдыг буруутгах бүрт бид эрч хүчээ алддаг. Харин энэ бүгдийг олж тогтоогоод, би өөрөө амьдралаа 100% хариуцах ёстой гэдгийг мэдснээр эрч хүчээ сэргээн авна.
Бид бүгд хүссэндээ хүрч, зорьсноо биелүүлж сайн сайхан аз жаргалтай амьдрах ёстой!
Хэрвээ танд энэхүү бичээс таалагдсан бол цааш нь фэйсбүүк, твитер… гээд найз нөхөддөө түгээгээрэй.
Сөрөг бодлын тухай та юу мэдэх вэ, түүнийгээ хэрхэн зайлуулдаг вэ гэдэг туршлагаасаа бусадтайгаа хуваалцахийг хүсвэл доор сэтгэгдлээ үлдээгэрэй. Эсвэл Миний Буцалж Буй Амьдрал буланд MiniiAmidral@ukatumur.com руу илгээгээрэй.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр