Европын орнуудаар өнгөрсөн амралтын өдрүүдээр их хэмжээний цас орсны улмаас олон зуун нислэг цуцлагдаж, олон мянган хүн нисэх онгоцны буудлуудад хашигджээ. Английн нийслэл Лондон хотын “Хитроу” олон улсын нисэх онгоцны буудал өнгөрсөн амралтын өдрүүдээр цаг агаарын байдлын улмаас нийт нислэгийн 40 хувь буюу 500 орчим нислэг цуцалсан байна. Харин Испанид 19 нисэх онгоцны буудал үйл ажиллагаагаа түр зогсоосон бол Португальд 137 нислэг саатжээ. Түүнчлэн Франц хоёр гол нисэх буудлын онгоцны нислэгийн 40 хувийг цуцалсан байна. ОХУ-д ч мөн их хэмжээний цас орж, цаг агаар муудсаны улмаас түр хугацаагаар нислэг саатсан тухай “Reuters” мэдээлжээ.
Лондонгийн “Хитроу” нисэх онгоцны буудал нь өдөрт 1300 орчим нислэг үйлддэг Европын хамгийн хөл хөдөлгөөнтэй нисэх буудлын нэг аж.
Б.АНХТУЯА