МҮАН-ын дарга М.Энхсайханы мэдээллээр бол хамгийн хурдан хугацаанд үр ашгаа өгч чадах хэсэг хамгийн ойрын зах зээлд нүүрсээ нийлүүлэх боломжтой төмөр зам байх ёстой гэжээ. Энэ нь Тавантолгойгоос Гашуун сухайт хүртэл татах төмөр замд бондын хөрөнгийг зарцуулах ёстой гэж үзсэн үг юм байна. Хэрэв зүүн тийшээ тавих 1800 км замд буюу энд тэндэх хэсэгт далан барихад бондын хөрөнгийг зарцуулах юм бол үрэн таран хийсэн хэрэг болно гэжээ.
УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг энэ тухай мэдээлэхдээ “Монгол Улс олборлосон нүүрсээ Япон, Өмнөд Солонгос зэрэг гуравдагч зах зээлд экспортолно гэх юм бол нэн тэргүүнд Хятадтай, Европ руу гаргана гэж үзвэл Оростой тээврийн тарифын хэлэлцээрт ороход тээврийн тарифаа өөрсдөө жолоодох хэмжээнд очсон байх ёстой. Ийм болж чадаагүй байгаа үед цаг хожиж нэн тэргүүнд урд хөршийн зах зээл дээр нүүрсээ гаргах нь зүйтэй. Нүүрсийг машинаар зөөж байгаа нь экологийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаагийн дээр үнээр өрсөлдөх чадварыг бууруулж байна. Авто замаар тээж байгааг харахад тонн тутмыг 25 ам.доллараа өгч байгаа бол төмөр замаар тээвэл 2-3 дахин илүү үнэ хүргэх бололцоотой байгаа” гэж байв. Бүлэг энэ асуудлыг нэг удаа яриад зогсохгүй дараагийн хурлаар дахин хэлэлцэхээр болжээ.
Мөн бүлгийн хурлаар УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд байнгын хороодын гишүүдийн тоог 21 хүртэл нэмэгдүүлэхийг дэмжсэн ч нэг гишүүн хоёр хүртэл, сайд бол нэг байнгын хороонд харьяалагддаг байхаар тусгах нь зүйтэй гэж үзжээ. Эл хуулийн төслийг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд санаачилсан бөгөөд УИХ-ын гишүүн гурав хүртэл байнгын хороонд харьяалагдах, харин сайд хариуцаж буй салбараасаа ангид нэг л байнгын хороонд харьяалагддах байх тухай заалт тусгасан төслийг УИХ-д мэдүүлээд буйг “Шударга ёс” эвсэл дээрх байдлаар дэмжсэн нь энэ юм байна.
Нэг зүйлийг онцлоход, УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд маргааш 13.00 цагт Монголбанкинд ажиллах юм байна. Тэд энэ үеэрээ инфляцийг нэг оронтой тоонд оруулж бууруулах тухай УИХ-аас өгсөн чиг үүргийг хэрхэн биелүүлж байгаатай танилцахаар болсон аж. Мөн Засгийн газраас гаргасан Чингис бондын хүүгийн төлбөрийг Монголбанк хариуцахаар болсон тул хүүгийн шаталтанд орохгүйн тулд хэрхэн арга хэмжээ авч ажиллаж байгаа зэргийг нэг ёсны тандах гэнэ.