![](https://news.mn/wp-content/archive1/news/photo/2010/12/7abea19afbecf52a/778cc68cd6a10153big.jpg)
Нийслэлийн 52-р дунд сургуулийн хүүхдүүд гурван хэмжээст ном бүтээн өрсөлдөж байна. Бага, дунд, ахлах нийлсэн 52 анги өөр өөрсдийн сонгосон үлгэрийг зураг, дүрсээр амьдруулсан 52 ширхэг ном бүтээх юм байна. Сургуулийн захиргаанаас сурагчдын дунд зохиосон энэхүү уралдаан нэг сарын хугацаатай юм. Тэгэхээр нэг сарын дараа монголд анх удаа хүүхдүүдийн бүтээсэн гурван хэмжээст үлгэрийн ном олны хүртээл болох юм байна. Ингэж номноос уншсанаа дүрслэн буулгах нь хүүхэд ном уншиж, түүнийхээ тухай эргэцүүлэн бодож, бие биетэйгээ ярилцах, цаашлаад хүүхдийн номтой нөхөрлөх замыг нээж байгаа хэрэг хэмээн сургуулийн нийгмийн ажилтан хэлж байлаа. Сурагчид өөрсдийн бүтээсэн 52 номыг сургуулийнхаа номын санд бэлэглэнэ. Энэ нь БШУЯ-ны хэрэгжүүлж байгаа “Ном” хөтөлбөрийн хүрээнд хийсэн бодитой, үр дүнтэй томоохон ажил болж байгааг онцолж байв.
Б.МАРАЛ