Мөн “Ардчилсан намын зүгээс бүлгийн гишүүдийнхээ ирцийг чуулганы нэгдсэн хуралдаанд наймаас дээш удаа 50 хувь хүргэхгүй бол тухайн УИХ дахь намын бүлгийг шууд татан буулгах тухай төслийг олонхийн бүлгээс санаачилсан нь парламентын засаглалтай оронд байдаггүй жишээ боллоо. Ард түмэн саналаа өгөөд, бүлэг нь байгуулагдсан байхад яахаараа ирц хүрээгүй гэдэг шалтгаанаар бүлгийг татан буулгах ёстой юм. Энэ бол Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчинө. Харин хурууны хээгээр гишүүдийн ирцийг бүртгэдэг болох асуудал бол маш зөв. Гишүүдийг хариуцлагатай болгоно. Тиймээс энэ төслийг нь дэмжиж байна” гэлээ.
Мөн “УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн нууцын жагсаалтын тухай хуулийн төслийг хэлэлцээд 49.1 хувийн саналаар “Дэмжих боломжгүй” гэж шийдсэн юм. Гэвч Засгийн газар эл төслийг дахин УИХ-д оруулж ирсэн. Хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан. Завсарлага авсан үндэслэл нь Засгийн газраас төдийгүй мэргэжлийн байгууллагуудын зүгээс нэмэлт мэдээлэл сонсох ёстой гэж үзсэн. Учир нь хувь хүний мэдээллийг нууцын жагсаалтаас гаргах тухай асуудал багтаж буй. Үүн дотор гэрийн хаягаас эхлээд олон мэдээллүүд багтаж буй. Энэ нь НҮБ-ын конвенци хийгээд бусад хуульд хувь хүний нууцтай холбоотой асуудлыг олон нийтэд дэлгэх нь хуулиараа хориотой. Хэрэв энэ асуудал нууцын зэрэглэлээс гарвал ямар нэг асуудал үүсэхэд төр хариуцлага хүлээхгүй болж ирж байгаа. Тийм учраас энэ асуудалд маш нухацтай хандах ёстой. Ер нь УИХ дээр уначихсан асуудлыг Засгийн газар дахин дахин оруулж ирж байгаа нь туйлын буруу алхам. Мөн энэхүү хуулийн төсөлд тусгаснаар Монгол Улсын газрын зургийг нууцын жагсаалтаас гаргах тухай асуудал хөндөгдөж байгаа. Мэргэжлийн байгууллага нь бол хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм билээ. Ийм учраас МАН-ын бүлгийн гишүүдийн хувьд УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэгтэй эл асуудлаар ярилцах шаардлага гарч ирж байгаа. Нөгөөтэйгүүр, хуулийн төсөл уначихаад байхад яагаад Засгийн газар төслийг дахин дахин УИХ-д зүтгүүлээд байгаа шалтгааныг сонсч байж завсарлага авсан асуудлаа нэгмөр шийдвэрлэнэ” гэлээ.
МАН-ын бүлгийн хувьд Засгийн газрын сайд нараас цаг үеийн болоод ард иргэдэд тулгарч байгаа асуудлын талаар 14 хоног тутамд мэдээлэл сонсч байх шийдэлд хүрчээ. Тус бүлэг ирэх долоо хоногт УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Засгийн газарт хандан тавьсан Төрийн албан хаагчдыг ажлаас нь чөлөөлөх болсон шалтгааны талаар мэдээлэл сонсохоор төлөвлөсөн байна. Цаашдаа цаг үеийн асуудлаар сайдуудаас мэдээлэл сонсоно.
Засгийн газраас бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хүрээнд нийт 720 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээ хэрэгжүүлжээ. Гэвч бензин шатахууны үнэ өссөн төдийгүй махны үнэ дийлдэхээ байсан. Үнийг тогтворжуулах хөтөлбөр дотор энэ бүхэн багтаж байгаа. Тиймээс Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хөтөлбөр арга хэмжээ яагаад үр дүнгээ өгөхгүй иргэдийн нуруун дээр ачаа болж буугаад байна вэ гэдэг дээр Засгийн газрын мэдээллийг сонсох юм байна. Энэ тухай тус бүлгийн хуралдааны талаар мэдээлэл хийх үеэрээ УИХ-ын гишүүн С.Бямбацогт мэдэгдлээ.
Мөн тэрээр “МАН-ын гишүүд УИХ-ын нэг л байнгын хороонд харьяалагдаж байхад АН, “Шударга ёс” эвсэл болон бие даагч гишүүд гурав хүртэл байнгын хороонд харьяалагдаж байна. Энэ бол шударга бус хуваарилалт” гэж байлаа.