
Багшийн мэргэжил дээшлүүлэх институт /БМДИ/-ийн захирал Г. Сүглэгмаа сургалтыг нээж үг хэлэхдээ дөнгөж ажил хөдөлмөрийнхөө гарааг эхлээд удаагүй байгаа шинэ залуу багш нартаа цаашдынхаа сурган хүмүүжүүлэх их ажилдаа улам их амжилт гаргахыг хүсэн ерөөгөөд “Та бүхний мэдлэг чадвар, хүүхдүүдээ сургах арга зүй технологи улам чадварлаг болох ёстой. Та нар бол манай ирээдүйн улс орны хөгжлийг тодорхойлогчид” гээд боловсролын шинэчлэлийг хамтдаа хийцгээе хэмээн уриаллаа. Энэ удаагийн сургалтад БМДИ-ийн арга зүйч багш нар, МУБИС, МУИС-ийн эрдэмтэн багш нар, БШУЯ-ны мэргэжилтнүүдийн баг бүрэлдэхүүн байгалийн ухааны багш нарт цаг үетэйгээ нийцсэн арга зүйн шинэ мэдлэг, дадлага олж авахад нь туслахаар уг сургалтыг зохион байгуулж байгаа юм байна.
Сургалтын гол зориолго Боловсрол, шинжлэх ухааны яамнаас боловсруулаад байгаа боловсролын чанарын шинэчлэлийн бодлогод нийцүүлэн багшийг хөгжүүлэх, тэднийг хүүхэд нэг бүртэй ажиллахад нь туслах, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, заах арга зүйгээ дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, бие дааж суралцах арга барилыг нь хөгжүүлэхэд чиглэж байгаа аж.
