“Монгол 999” ил захидал гаргалаа

Хуучирсан мэдээ: 2010.05.23-нд нийтлэгдсэн

“Монгол 999” ил захидал гаргалаа


Монголын 1700 гаруй компани нэгдсэн “Монгол 999 үндэсний нэгдэл”-ээс ил захидал гаргасан байна. Уг захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.

ИЛ ЗАХИДАЛ
УИХ, Засгийн газарт
Ашигт малтмалын томоохон ордуудыг төр өөрийн хяналтанд байлгаж, эдийн засгийн өгөөжтэй ашиглах, үүний тулд үндэсний компаниудынхаа оролцоог нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж ажиллах талаар УИХ, Засгийн газраас эрс шинэчлэлийн чанартай шинэ бодлого явуулах санаачилга гаргасныг монголчууд, түүний дотор уул уурхайн салбарын хамт олон, нийт хувийн хэвшлийнхэн бид туйлын баяртай халуун дотно хүлээн авсан билээ.

Энэ нь үнэ цэнэ ихтэй, хөрөнгө оруулалт ихээр шаардагдах ашигт малтмалын ордуудыг зөвхөн гадаадынхны хөрөнгө, хүчээр ашиглахаас  өөр арга замгүй мэт үзэж ирсэн явцуу ойлголтоос ангижирч, үндэсний компаниуд, хувийн хэвшлийнхны оюуны болон хөрөнгийн чадавхийг дайчлахад ихээхэн ач холбогдолтой чухал үйл явдал гэж бид үзэж байна.

УИХ, Засгийн газраас ашигт малтмалын ордуудын ашиглалтын арга хэлбэрийг оновчтой болгох, Тавантолгойн ордыг дотоодын компаниудын оролцоотойгоор богино хугацаанд эдийн засгийн эргэлтэнд оруулах хүрээнд явуулж буй шинэ бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах үүднээс өнгөрсөн асар богино хугацаанд үндэсний 2000 шахам компани өөрсдийн санаачилгаар “Монгол 999+үндэсний нэгдэл” хувьцаат компани байгуулан Тавантолгойн төсөлд оролцох үйл ажиллагааныхаа стратегийн зорилго, зорилтыг тодорхойлон бэлтгэлээ ханган ажиллаж байгаагаа танилцуулахад таатай байна.

Бидний энэ үйл ажиллагаанд нэгдэн оролцох хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, инженер-техникийн ажилтан, залуучууд улам бүр нэмэгдсээр байгаа нь монголчууд улс үндэстнийхээ эдийн засгийн бие даасан байдлын амин чухал эрх ашиг, хөгжил дэвшлийн төлөө эвлэлдэн нэгдэж хамтран ажиллах шаардлагатай цаг ирснийг бүрнээ ухаарч, тийм зориг эрмэлзлээр төгс байгааг харуулж байна.

Үндэсний компани, хувийн хэвшлийнхэн Тавантолгой төслийг хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын их үйлсийн манлайд явж эх орондоо эдийн засгийн өндөр үр ашигтай нүүрс химийн аж үйлдвэрийн цогцолбор байгуулах үндэс суурийг тавилцахад хангалтай хүний нөөц, капиталын хуримтлал, шинэ техник технологи олж ашиглах боломж бүрдэн үүнийхээ төлөө хариуцлага хүлээх чадамжтай болсноо илтгэж байна.

Өвөг дээдэс, ахмад үеийнхний амь насаа золиослон байж өнөө үеийнхэн бидэнд өвлүүлэн үлдээсэн ашигт малтмалын асар их баялагаасаа авах ашиг орлогыг бүрэн хэмжээгээр эх орныхоо түргэн хөгжил цэцэглэлт, ард иргэдийнхээ аж амьдралыг дээшлүүлэхэд зориулах гэсэн бидний чин сэтгэлийн энэ хүчин чармайлтад манай УИХ, Засгийн газар бололцоотой бүхий л дэмжлэг тусалцаа үзүүлж чадна гэдэгт бат  итгэж байгаагаа илэрхийлье.

Хүчирхэг Монгол оо хамтдаа байгуулья.

“Монгол 999+ үндэсний нэгдэл” ХК

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж