Ц.Элбэгдорж ноён Лех Валенсaтaй уулзлаа

Хуучирсан мэдээ: 2013.01.21-нд нийтлэгдсэн

Ц.Элбэгдорж ноён Лех Валенсaтaй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНПУ-д хийж буй төрийн айлчлалын хоёр дахь өдөр Нобелийн энхтайвны шагналт, Ерөнхийлөгч асан Лех Валенсaтай өглөөний цай барьснаар эхэллээ. Тэрбээр зүүн Европын болон Балтийн орнууд, түүнчлэн ЗХУ-д ардчилсан үйл явц өрнөхөд түүхэн үүрэг гүйцэтгэсэн гэгддэг Польшийн “Эв санааны нэгдэл” хөдөлгөөний удирдагчдын нэг байсан юм. Мөн ардчилсан тогтолцоонд шилжсэний дараах анхны бүх нийтийн сонгуулиар тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож, улмаар хоёр бүрэн эрхийн хугацаанд сонгогдон ажилласан байна. Ардчиллын амьд түүх гэж хэлж болох ноён Лех Валенсa Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг өглөөний цайнд урьсан байна.

Польшийн түүхийн дурсгалт газруудын нэг болох хааны Лазенки цэцэрлэгт хүрээлэнд энэхүү арга хэмжээ болж, Монголын талаас Гадаад харилцааны сайд Л.Болд, Польш улсад суугаа  Элчин сайд А.Ганбаатар болон албаны бусад хүмүүс, Польшийн талаас “Лех Валенси” сангийн удирдлагууд байлцлаа. Өглөө цайг хачирласан сонирхолтой, найрсаг яриа зочдын дунд өрнөж, хоёр орны ардчиллын түүхэн амжилт, ололтоос гадна улс төр, эдийн засгийн асуудлаарх олон сэдэв энэ үеэр хөндөгдсөн байна. Энэхүү уулзалтын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Польшийн Ерөнхийлөгчийн ордонд угтан авах ёслол боллоо гэж манай тусгай сурвалжлагч Варшаваас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж