Монгол хүн бөмбөрцгийн хойд туйлд очих болсон

Хуучирсан мэдээ: 2013.01.21-нд нийтлэгдсэн

Монгол хүн бөмбөрцгийн хойд туйлд очих болсон

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр дэлхийн бөмбөрцгийн хамгийн хойд цэг болох Хойд өргөргийн 90°-ыг зорихоор болжээ. Энэ талаар тэрбээр өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. 

Спортын төв ордонд болсон хэвлэлийн бага хуралд уг аяллыг зохион байгуулагч Соёл, спорт, аялал, жуулчлалын яамны Спортын бэлтгэлийн төвийн дарга Б.Наранбаатар, Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Наранбаатар нар оролцсон юм. Хурлын үеэр түүний сэтгэгдлийг сонслоо.

-Дэлхийн дээвэр Эверестийн оргилд хүрч байсан таныг Хойд туйлд мөн анх удаа хөл тавих гэж байгаад баяртай байна. Аяллынхаа зорилгоос хуваалцахгүй юу?

-Хоёр жилийн өмнөөс энэ аялалд зориулж бэлтгэл ажлаа эхэлсэн. Монгол хүн Хойд туйлд хүрэх ёстой. Тусгаар тогтносон улс орны хувьд Хойд туйлд Монгол хүний мөрийг гаргаж, эх орныхоо туг далбааг тэнд мандуулах нь нэр төрийн хэрэг, нэг ёсны үүрэг юм. Энэ их ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлан надад итгэл найдвар хүлээлгэсэнд талархаж байна. Монгол хүн сансарт ниссэн байна, монгол хүн Эверестийн оргилд хүрсэн, монгол хүн Олимпийн аварга боллоо, монгол хүн дэлхийн Өмнөд туйлд очиж чадсан байна. Тэгэхээр одоо бидэнд бөмбөрцгийн хамгийн хойд цэг, дэлхийн зулай гэгдэх Хойд туйлд эх орныхоо нэрийг дуурсгах нэг зорилго үлдээд байна. Аялал амжилттай болно гэдэгт итгэлтэй байна.

-Хэзээ замд гарах вэ?

-Ирэх дөрөвдүгээр сарын 4-нд Улаанбаатараас хөдөлнө.

-Аялал хэд хоног үргэлжлэх бол?

-Дөрөвдүгээр сарын 26-д дуусна.

Готовдоржийн Өсөхбаяр

1989 оноос уулын спортоор хичээллэж эхэлсэн.

Спорт авиралтын хот болон Улсын 14 удаагийн аварга.

Эх орныхоо мөнх цаст оргилуудад давтагдсан тоогоор 40 гаруй удаа авиралт хийжээ.

2005 онд Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртсэн.  

ТҮҮХЭН АВИРАЛТУУД:

1.Бялуха /Өндөр 4600/

  • 2004.06.20-ны өдөр оргилд гарав.

2. Нинчин Тангла

  • 2005.02.15-ны өдөр оргилд гарав.

3.Дэлхийн ноён оргил ЭВЕРЕСТ /Өндөр 8850/

  • 2005.05.30-ны өдөр оргилд гарав.

4.Дэлхийн ноён оргил ЭВЕРЕСТ /Өндөр 8850/

  • 2007.05.14-ны өдөр оргилд гарав.

5.Хойд Америкийн ноён оргил МАККЕНЛИ /Өндөр 6195/

  • 2008.07.08-ны өдөр оргилд гарав.

6.Африк тивийн ноён оргил КИЛИМАНЖАРО /Өндөр 5895/

  • 2009.02.22-ны өдөр оргилд гарав.

7.Европ тивийн ноён оргил ЭЛЬБРУС /Өндөр 5642 /

  • 2009.05.21-ний өдөр оргилд гарсан.
Б.МАРАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж