Тухайлбал, “Гудамж” төслийг хэрэгжүүлэх хүрээнд дэд бүтцийн асуудал дээр нийслэлийн гэр хороолынхны санаа бодлыг сонсох ёстой гэж үзсэн байна. “Гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх хүрээнд иргэний хашааны газрыг хүчээр авах юм шиг ойлголт явж буй. Энэ бол буруу, гол нь иргэдтэйгээ ойлголцож, хэрхэн зөв зохицуулах вэ гэдгийг тал талаасаа ярилцаж ойлголцох ёстой. Тиймээс иргэдийн саналыг сонсох нь хамгийн чухал” гэж бүлгийн гишүүд үзжээ. Нөгөө талаас Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад нэн тэргүүнд гурван ажлыг хийх ёстой гэжээ. Эхнийх нь ирэх жил гэхэд утааны хоруу чанарыг 50 хувь хүртэл бууруулна. Үүний тулд ирэх намраас эхлэн түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлаж, нүүрс олборлодог компаниудыг хагас коксжуулсан түлш үйлдвэрлэсэн нөхцөлд төрөөс дэмжлэг үзүүлдэг болох. Улаанбаатар хотод хагас коксжсон түлш хэрэглэх.
Хоёрт, гэрийн дулаалга, барилгын материалын дулаалгыг үйлдвэрлэхдээ хонины ноосыг ашиглах. Энэ талын үйлдвэрлэл байгуулах, техник технологи нэвтрүүрлэх аж ахуйн нэгжид төрөөс тодорхой дэмжлэг үзүүлэх.
Гуравт, дагуул хотыг хөгжүүлэх хүрээнд хурдны замын ажлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай гэж үзэв.
Мөн энэ хүрээнд хот ямар бодлого дэвшүүлж ажиллаж байна вэ гэдэг талаар ирэх долоо хоногт Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн мэдээллийг сонсох нь зүйтэй хэмээн үзжээ. Дагуул хот байгуулах хүрээнд “Багануур хотод байгуулах оюутны хотхоны тухайд эхний ээлжинд ШУТИС-ийг нүүлгэе. Ингэж чадвал эхний ээлжинд 50 мянган оюутан Улаанбаатар хотоос гадагшилна. Улмаар Багануур дүүрэг дагуул хот болж хөгжих бололцоо ч нээгдэнэ” гэж үзжээ. Дагуул хотыг дэмжих чиглэлээр юу хийж чадах вэ гэдэг дээр Барилга хот байгуулалтын яамны мэдээллийг ч давхар сонсох юм байна.
Бүлгийн хурлаар хэлэлцсэн зарчмын бас нэг чухал асуудал нь Газрын тухай хуулийн төсөлд багтсан Бэлчээрийн тухай хуулийн төсөл. Үүнд малчдад бэлчээрийг нь хувьчлах нь зөв үү, буруу юу, бэлчээрт хязгаар тогтоох нь зөв үү гэдэг дээр малчдын саналыг нь сонсох ёстой гэж үзсэн байна. Учир нь газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах хүрээнд газарт татвар ногдуулах зэрэг асуудал багтаж буй. Үүнийг малчид хүлээж авах уу, малчдын хувьд анхнаасаа бэлчээрийг үнэгүй ашиглаж ирсэн. Нүүдэлчин соёл иргэншлээ дагаад татвар гувчуур төлөх асуудлыг хүлээж авахгүй бол яах вэ. Энэ бүхнийг шийдэхийн тулд малчдын санаа бодлыг сонсох нь хамгийн чухал гэж үзсэн юм байна.
Харин малчдын хоршоо байгуулах асуудал дээр социалзмын үе шиг хүчээр шийдэх байдал гарах вий. Аль болох чөлөөт өөрсдөө эвлэлдэн хөдөлмөрөө хорших байдлаар хоршооллыг байгуулах ёстой. Ингэхдээ эдийн засгийн өсөлтөө хангаж, малчид ард иргэдийн ахуй амьжиргааг дээшлүүлж байнгын орлоготой болгох тэр механизмыг бий болгохын тулд зөв шийдлийг олох ёстой гэжээ. Тиймээс хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын эхэнд энэхүү хоёр асуудал орж ирнэ. Энэ хүрээнд чуулган завсарласан хугацаанд малчдынхаа саналыг сонсох юм байна.