Нэг кг уран 3,000 тонн нүүрстэй тэнцэнэ

Хуучирсан мэдээ: 2010.05.23-нд нийтлэгдсэн

Нэг кг уран 3,000 тонн нүүрстэй тэнцэнэ

Уран нь үнс шиг, мөнгөлөг цагаан өнгөтэй, төмөрлөг химийн елемент. Үелэх системийн 92-т байрладаг бөгөөд “U” үсгээр тэмдэглэдэг. Ураны атом 92 протон, 92 электронтой. Зургаан электрон нь валенцийн электрон байдаг. Ураны цөм 141-ээс 146 хүртэл нейтронтой зургаан янзын изотоп үүсгэдэг. Тэдгээрээс хамгийн өргөн олддог нь “U-238” (146 нейтронтой), “U-235” (143 нейтронтой). Бүх изотопууд нь тогтворгүй бөгөөд сулавтар цацраг идэвхт шинжтэй. Уран бол байгальд тохиолдогч элементүүдээс атомын жингийн хүндээрээ “plutonium-244”-ыг дараа хоёрт ордог. Уран тугалганаас нягтралаараа 70 хувь илүү ч алт юм уу тунгстан шиг нягт биш. Байгаль дээр тохиолдож байгаа ураны 99.284 хувь нь “uranium-238” байдаг ба 0.711 хувь нь “uranium-235”, 0.0058 хувь нь “uranium-234” байдаг. Уран удаанаар, “альфа-тоосонцор” ялгаруулж задардаг. Ураниум-238-ын амьдралын мөчлөгийн хагас нь 4.47 тэрбум жил гэж тооцогддог бол ураниум-235-ын амьдралын мөчлөгийн хагас нь 704 сая жилтэй тэнцдэг гэж эрдэмтэд үздэг бөгөөд энэ үзүүлэлтийг ашиглан эрдэмтэд дэлхийн насжилтыг тогтоодог.

Зургийн тайлбар: Австралийн “Рейнжер” ураны уурхай.
Энэ уурхайг “Energy Resources of Australia” хувьцаат компани эзэмшдэг бөгөөд тус компанийн 68.4 хувийг “Rio Tinto Group” компани эзэмшдэг. Эндээс олборлосон ураныг Япон, Өмнөд Солонгос, Франц, Их Британи, Швед, Испани, АНУ улсууд худалдаж авдаг.

Орчин үед ураны цөмийн шинж чанарыг нь хүн төрөлхтөн илүү ашиглаж байна. Ураниум-235, ураниум-233-ыг удаан нейтроноор бөмбөгдөхөд дулаан ялгардаг бөгөөд энэ зарчмыг цөмийн реакторууд, цөмийн зэвсгэнд ашигладаг. Ураныг 1789 онд эрдэмтэн Мартин Хейнрих Клапрот /Martin Heinrich Klaproth/ нээсэн бөгөөд “Uranus” гаригийн нэрээр нэрлэжээ. Ураны цацраг идэвхт шинж чанарыг 1896 онд Антуан Бекерел /Antoine Becquerel/ нээсэн бол 1934 онд Энрико Ферми /Enrico Fermi/ бусад эрдэмтэдтэй хамтран хийсэн судалгаагаараа энэ бодисыг цөмийн эрчим хүч үйлдвэрлэх, цөмийн зэвсэг бүтээх  үндсийг тавьсан.

1939 оны наймдугаар сарын 2-нд Германы эрдэмтэн Альберт Эйнштейн АНУ-ын ерөнхийлөгч Франклин Д.Рузвельтэд Герман ураниум-235-ыг гаргаж авч, зэвсгийн зорилгоор ашиглахаар оролдож буй талаар захидал илгээсэн. Энэ нь АНУ энэ чиглэлээр хийж буй судалгааны ажлаа эрчимжүүлэх дохио болсон бөгөөд “Манхаттан” хэмээх нууц төслийг хэрэгжүүлж эхэлсэн. 1939-1945 онд АНУ хоёр тэрбум ам.доллараар энэ төслийг санхүүжүүлж ураниум-238-аас ураниум 235 гаргаж авахаар оролдож эцэст нь эрдэмтдийн нөр их хөдөлмөрийн үр дүнд атомын бөмбөг бүтээсэн. 1945 оны долдугаар сарын 16-нд Нью-Мексико мужийн Жеймс уулын сав газарт өглөөний 05 цаг 29 минут 45 секундэд хүн төрөлхтний бүтээсэн анхны цөмийн бөмбөгний дэлбэрэлтийг амжилттай туршсанаар цөмийн бөмбөгийн эрин эхэлсэн. Түүний дараа АНУ-ын арми наймдугаар сарын 6-нд Японы Хирошима хотод, дараа нь наймдугаар сарын 9-нд Японы Нагасаки хотод цөмийн бөмбөг дэлбэлсэн бөгөөд түүнээс хойш удалгүй Японы арми бууж өгснөө зарласнаар дэлхийн хоёрдугаар дайн дууссан.

Ураныг иргэний салбарт цөмийн эрчим хүч үйлдвэрлэхэд ихэвчлэн ашигладаг. Нэг кг ураниум-235 онолын хувьд 80 триллион жоуль эрчим хүч үүсгэж чадна гэж үздэг. Энэ нь 3,000 тонн нүүрснээс гаргах энерги юм. Арилжааны зориулалттай эрчим хүч үйлдвэрлэдэг ихэнх цөмийн эрчим хүчний үйлдвэрүүд гурван хувийн баяжуулалттай ураниум-235-ыг түүхий эд болгон ашигладаг. Канадын “CANDU” реактор л баяжуулаагүй ураныг цөмийн түлш болгон ашиглах хүчин чадалтай. АНУ-ын Тэнгисийн цэргийн реакторуудад ихэвчлэн өндөр төвшинд баяжуулсан ураниум-235-ыг ашигладаг. Яг хэдэн хувийн баяжуулсан уран ашигладаг вэ гэдэг нь цэргийн нууцад хамаардаг. Хувиргагч реакторт ураниум-238-ыг плутониум болгож ашигладаг. Ингэхдээ “U-238”-ыг гамма туяагаар бөмбөгдөөд, “U-239” болгон түүнийгээ бета туяагаар бөмбөгдөж “Np239” болгоод дахин бета туяагаар бөмбөгдөж “Pu-239” болгодог. Цөмийн эрчим хүчний үйлдвэрүүдэд тулгардаг гол асуудал нь хэрэглээд дууссан цөмийн хаягдлаа яаж устгах вэ гэсэн асуудал байдаг. Ураниум байгаль дээр бусад элементүүдтэй холилдсон байдлаар маш өргөн тохиолддог бөгөөд олдцынхоо хувьд мөнгөнөөс 40 дахин илүү гэж эрдэмтэд үздэг. “Citrobacter” зэрэг уранаар “хооллодог” бактерыг эрдэмтэд илрүүлээд байгаа бөгөөд уранаар бохирдсон ус болон байгаль дахь ураны бохирдлыг арилгахад эдгээр бичил биетүүдийг ашиглаж болох юм гэж үзэж байна.

Ураны хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг гүйцэд судлаагүй байна. Гэхдээ ураны тоосонцороор амьсгалбал биед нэвтэрсэн уран гадагшлалгүй хүний ясны кальцинд шингэж, олон жил хүний биед сөрөг нөлөө үзүүлдгийг илрүүлээд байна. Түүнчлэн хорт хавдар үүсэх эрсдэл нэмэгдүүлдэг гэж эмч нар үзэж байна. Уран шатамхай бөгөөд дэгдэмхий бодис тул битүү орчинд агаарт тархсан үед өрөөний температурын төвшинд шатах эрсдэлтэй байдаг.

2009 онд Казахстан 13,820 тонн буюу дэлхийн нийт олборлосон ураны 27 хувиаг дангаараа олборлосон бол 10,173 тонн буюу дэлхийн олборлолтын 20 хувийг олборлосон гэсэн үзүүлэлтээр Канад дэлхийн олборлолтын жагсааалтын хоёрдугаарт бичигдсэн байна. Австрали 7982 тонн, Намиби 4626 тонн, Орос 3564 тонн, Нигер 3243 тонн, Узбекистан 2429 тонн, АНУ 1453 тонн, Украйн 840 тн, Хятад 750 тн, Өмнөд Африк 563 тн, Бразил 345 тн, Энэтхэг 290 тн, Чехийн БНУ 258 тн, Малави 104 тн, Франц 8 тн уран тус тус олборлосон байна. Дэлхий даяар баяжилт багатай ураны тархалт харьцангүй жигд байдаг бөгөөд харин баяжилт өндөр ураны орд харьцангуй ховор.

Дэлхийн нийт эрчим хүчний 16 хувийг цөмийн реакторууд үйлдвэрлэж байна. 2010 оны тавдугаар сарын 1-ний байдлаар дэлхий дээр 438 цөмийн реактор ажиллаж нийтдээ 374,127MWe эрчим хүч үйлдвэрлэж байгаа бөгөөд жилд 68,646 тонн ураниум хэрэглэж байна. Одоогоор 54 реактор нэмж барих ажил хийгдэж байгаа бөгөөд 148 реакторын барилга төлөвлөлтийн шатандаа, 342 реактор судалгааны шатандаа байна гэж “World Nuclear Association” байгууллага мэдээлсэн.  Одоогийн хэрэглээний төвшинд ураныг хэрэглэх юм бол одоо мэдэгдэж байгаа ураны нөөц 80 гаруй жил хэрэглэхэд хүрэлцэнэ гэж эрдэмтэд тооцоолдог. Сүүлийн жилүүдэд ураны хайгуулын ажилд зарцуулсан хөрөнгө оруулалтын хэмжээ олон улсад өсөж байна. Австрали дэлхийд ураны нөөцөөрөө нэгт ордог бөгөөд дэлхийн ураны нөөцийн 23 хувь нь тэнд байдаг. АНУ, Франц, Япон, ОХУ, Герман, Өмнөд Солонгос гэсэн улсууд дэлхийн цөмийн эрчим хүчний ихэнхийг үйлдвэрлэдэг.

Орос улс 2010 онд зургаан тэрбум ам.долларыг цөмийн реакторын салбарт зарцуулах бөгөөд дэлхийн цөмийн эрчим хүчний зах зээлийн дөрөвний нэгийг хянахаар зорьж байна гэж ОХУ-ын ерөнхий сайд Владимир Путин таван сарын 18-нд “Reuters” агентлагын сурвалжлагчтай уулзахдаа ярьсан. ОХУ одоо дэлхийн цөмийн эрчим хүчний 20 орчим хувийг үйлдвэрлэж байгаа бөгөөд цаашид дотооддоо хэрэглэх эрчим хүчний илүү их хувийг цөмийн эрчим хүчнээс гаргахаар зорьж байна.

1995-2002 оны хооронд нэг кг ураниум 30 орчим ам.доллар байсан бол 2005 оны гурван сард 50 ам.доллар хүрсэн бөгөөд газрын тосны үнэ өссөн болон дэлхийн эдийн засгийн хямралтай холбоотойгоор 2007 оны есөн сард 300 ам.доллар болж өссөн бөгөөд түүнээс хойш буурсаар байна. Одоо нэг кг ураны ханш зах зээл дээр 90 орчим ам.доллар дээр хэлбэлзэж байна.

2009 оны 09 сарын 15-нд Олон улсын атомын энергийн агентлагын /ОУАЭА/ 53 дугаар чуулганд оролцсон Др. С.Энхбат тэргүүтэй монголын төлөөлөгчид дараах мэдэгдлийг хийсэн. “Монгол улс цөмийн эрчим хүч ашиглах талаар шинэ шатанд гарч байна. Монгол улс уран ашиглах, цөмийн эрчим хүчний зорилгоор хэрэглэх тухай төрийн бодлогоо боловсруулж баталсан. Цөмийн энергийн тухай хууль 2009 оны долоон сарын 16-нд баталсан. Ерөнхий сайдаар ахлуулсан Цөмийн эрчим хүчний агентлаг байгуулсан” гэж мэдэгдсэн.

ОУАЭА-ын бүртгэлд: Монгол улс 1988 оноос уран олборлож эхэлсэн бөгөөд 1994 он хүртэл үргэлжилсэн. Энэ хооронд нийтдээ 535 тонн уран олборлосон гэж тэмдэглэсэн байна. Монголын хойд хэсэгт байрладаг Мардайн уурхайгаас олборлолт хийж байсан бөгөөд төмөр замаар дамжуулан Оросын Приаргунскийн үйлдвэрт боловсруулалт хийж байсан. Түүнчлэн 1995, 1996 онд Чойрын Хараатын уурхайд болон Дорнодод Монгол-Оросын хамтарсан туршилтын төслүүд хэрэгжиж байсан. Монголын ураны нөөцийг 83,000 тонн, түүний 22,000 тонныг нь 40 ам.доллараас бага зардлаар олборлох боломжтой гэж ОУАЭА тооцоолж байна. 

Т.Ариунсанаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж