Үл таних амьтны чулуун баримлын урт нь гурван метр гаруй, өргөн нь нэг метр бөгөөд 8,5 тонн жинтэй гэнэ. Чухам ямар амьтныг дүрсэлсэн баримал болохыг археологичид хараахан тогтоогоогүй байна. Магадгүй хулсны баавгай байж болох юм гэсэн таамаг дэвшүүлжээ. Учир нь баримлыг олсон Сычуань мужид л хулсны баавгай амьдардаг юм.
Чулуун баримлын хамт малтлагын газраас шавар сав, ваар, байшингийн дээврийн янз бүрийн дүрстэй хучлагын хэсэг олджээ. Малтлага хийсэн газарт эртний сүм байсан бололтой учраас энэ олдворыг шүтлэгийн өргөл тахил хийхэд зориулагдсан болов уу гэх таамгийг эрдэмтэд дэвшүүлсэн байна.
Чэнду бол Хятадын хамгийн эртний хотуудын нэг бөгөөд энэ нэрээрээ, нэг бууринд 4000 гаруй жил оршиж ирсэн гэж тооцогддог. Бүхий л он цагийн туршид тус хот нь бүс нутгийн томоохон төв байжээ.