Каннын шилдгүүд өнөөдөр тодорно | News.MN

Каннын шилдгүүд өнөөдөр тодорно

Хуучирсан мэдээ: 2010.05.23-нд нийтлэгдсэн

Каннын шилдгүүд өнөөдөр тодорно


Цар хүрээгээрээ харьцангуй олон орныг хамардаг Каннын кино наадмын 63 дахь удаагийн ёслол 12 хоногийн турш үргэлжлэн өнөөдөр орой шилдгүүдээ тодруулахад бэлэн болоод байна.

Энэ удаагийн кино наадмын шүүгчдийг Холливуудын алдартай найруулагч Tim Burton тэргүүлж байгаа билээ. Наадмын дээд шагнал болох “Алтан далдуу мод”-ны төлөө 19 бүтээл өрсөлдөж байгаа бөгөөд Английн найруулагч Mike Leigh-ын нэгэн гэр бүлийн өдөр тутмын амьдралыг өгүүлсэн "Another Year" кино, Францын найруулагч Xavier Beauvois-ын "Of Gods and Men" нэртэй драм хамгийн магадлал өндөртэй бүтээл гэгдэж байна.

Британийн найруулагч Mike Leigh-ын хувьд өмнө нь 1993 онд Каннын кино наадамд “Naked” бүтээлээрээ шилдэг найруулагчийн шагнал хүртэж, 1996 онд “Secrets&Lies” киногоороо дээд шагнал “Алтан далдуу мод”-ны эзэн болж байсан юм. "Another Year" кино нь жирийн гэр бүлийн өдөр тутмын амьдралыг энгийнээр харуулсан. Кинонд нас ахих тусам залуу насны хайр сэтгэл нь халамжаар солигдон, бие биендээ ууссан хосын тухай ө бөгөөд хайр сэтгэл, хувиа хичээсэн аминч үзэл, үхэл амьдралын тухай өгүүлдэг аж.

Мөн найруулагч Alejandro Gonzalez Inarritu-гийн бүтээл "Biutiful" нэртэй кино өвөрмөц бүтээл болж чадсан хэмээн үнэлэгдээд байгаа. Уг киноны гол дүрд Испанийн нэрт жүжигчин 41 настай Javier Bardem тоглосон аж. Тэрбээр 2000 онд “Before Night Falls” кинонд бүтээсэн Reinaldo Arenas-ын дүрээрээ “Оскар”-ын шилдэг эрэгтэй дүрийн төрөлд нэр дэвшин, анхны “Оскар”-т нэр дэвшсэн Испани жүжигчин болсон юм. 

Дашрамд сонирхуулахад, найруулагч Alejandro Gonzalez Inarritu нь Каннын наадмаас хоёр ч удаа шагнал авч байсан. Тэрбээр 2000 онд кино шүүмжлэгчдийн нэрэмжит шагнал, 2006 онд Brad Pitt, Adriana Barraza, Rinko Kikuchi, Cate Blanchett, Gael Garcнa Bernal, болон Koji Yakusho зэрэг од гол дүрд нь тоглосон, өвөрмөц зохиол бүхий “Babel” киногоороо “Шилдэг найруулагч”-ийн шагналыг тус тус хүртэж байжээ.

Мөн түүний нилээд хэдэн кино нь гадаад хэл дээрх киноны төрлөөр “Оскар” болон “BAFTA”  (British Academy of Film and Television Arts)-д нэр дэвшиж байжээ.
Ингээд энэ жилийн шилдгээр хэн нь тодрохыг хүлээх л үлдлээ.

Н.Наран

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж