“Леново” шинэ төлөвлөгөөгөө танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2013.01.21-нд нийтлэгдсэн

“Леново” шинэ төлөвлөгөөгөө танилцууллаа

Казахстаны Алматы хотноо энэ сарын 17-нд болсон хэвлэлийн бага хурал дээр “Леново” компанийн удирдлага шинэхэн бүтээгдэхүүнээ танилцуулж, ирээдүйнхээ төлөвлөгөөнөөсөө хуваалцлаа.

“Леново” компанийн уриа бол “Хэн хөдөлмөрлөж байна, түүнд зориулав” юм. Компанийн хүрсэн амжилт нь энэхүү урианд эргэлзэх хэрэггүйг нотолдог. “Леново” бол 1997 оноос Хятадад компьютер үйлдвэрлэж буй компани. Хятадын зах зээлд нийлүүлэгдэж байгаа гурван компьютер тутмын нэгийг “Леново” үйлдвэрлэж байна. “Леново” бол компьютер үйлдвэрлэлээр дэлхийд хоёрт бичигдэж байгаа бөгөөд “Леново”-гийн бүтээгдэхүүн дэлхийн 160 гаруй оронд борлогдож байна.

Дэлхийн хамгийн том багтаамж бүхий Хятадын зах зээлийг эзэгнэсэн давуу талаа ашиглан “Леново” 2004 онд АНУ-ын IBM компанийн салбар компанийг худалдан авч 2010 он хүртэл бүтээгдэхүүндээ IBM брэндийн нэрийг ашиглах эрхтэй болсон нь компанийн хувьд амжилтад хүрэх үсрэлт болсон юм. Энэ алхам нь Леново дэлхийг эзэгнэх тулгуур цэг нь болсон.

“Леново” компанийн Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийг хариуцсан захирал Юнфенг Ванг компанийг бүтцийн хувьд хоёр хэсэгт хувааж байгаагаа хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ. “Think” нэрийн дор компанийн олон жилийн турш анхаарлаа хандуулж ирсэн, тодорхой хэрэглэгчдэд зориулсан тансаг шийдэл бүхий, маш авсаархан, маш хөнгөхөн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, зах зээл дэх үнэтэй брэндүүдтэй өрсөлдөх аж. Харин Леново нэрийн дор масст зориулсан, гэхдээ масст зориулсан гээд хэлбэр, хийцийг анхаараагүй биш, тухайлбал, IdeaPadYoga бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх ажээ. Үүнээс гадна Леново компани “Хамгаал, Довтол” гэсэн бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа ноён Юнфенг Ванг мэдэгдлээ. Энэ нь эзэлсэн зах зээлээ алдахгүй байхын хажуугаар шинэ зах зээлийг эзэгнэх төлөвлөгөө юм.

“Леново” компанийн Зүүн бүсийг хариуцсан дэд ерөнхийлөгч Глеб Мишин компьютерийн зах зээл өнөөдрийн байдлаар “уйтгартай” байдалд ороод байгааг тэмдэглэлээ. Өрсөлдөөний явцад компьютерийн үнэ унаж байгаа ч, “нас нь богиносч” байна хэмээн Мишин хэллээ. Өөрөөр хэлбэл, таны авсан нотебуук ердөө хоёр жилийн дараа хуучирч байгаа юм. Энэ нөхцөлд “дөрвөн дэлгэц”-ийн зарчим ирээдүйтэй байгааг Мишин онцоллоо. Энэ нь айл гэр бүрт суурин компюьютер, планшет эсвэл нотебуук, ухаалаг гар утас, IPTV гэсэн дөрвөн дэлгэц байх зарчим юм. Энэ зорилгын үүднээс “Леново” компани Sharp-ийг худалдан авах гэж байгаагаа мэдэгдлээ. Мөн тус компанийн мэдрэмтгий дэлгэц бүхий К-900 ухаалаг гар утас зах зээлд өрсөлдөх чадвартай байх болно гэлээ.

Шинээр эзэгнэх зах зээлийн тухайд Леново компанийн Төв Ази, Монголыг хариуцсан тэргүүн Виктор Жангийн хэлснээр Леново-гийн эзэгнэж чадагүй зах зээл хуруу дарам цөөн байгаа ажээ. Гэсэн ч компанийн тооцоогоор эдгээр зах зээлд “Леново” удахгүй тэргүүлэх байр эзлэх эрмэлзэл төгс байгааг онцоллоо. “Леново”-гийн бүтээгдэхүүн Казахстаны компьютерийн хамгийн том гурван сүлжээ дэлгүүрээр зарагдаж байгаа бол “Леново”-гийн “NewSonic”, “Summit”, “Next” бүтээгдэхүүнүүд нь Монголын зах зээлд амжилтай өрсөлдөж байна. Монголын зах зээлийг “маш ирээдүйтэй” хэмээн тодорхойлж байгаагаа ноён Жанг хэллээ.

“Леново”-гийн олон үйлдэлт ультрабуук IdeaPadYoga нь дэлхийд анхдагч бөгөөд энэ төрлийн бүтээгдэхүүнээс хамгийн шинэлэг гэдгийг компанийн удирдлагууд онцолж байна. Мэдрэмтгий дэлгэц нь нэг дор 10 үйлдлийг мэдрэх чадвартай бөгөөд маш хөнгөн төдийгүй маш нимгэн юм. Хурууны ганц үйлдлээр л нотебуук планшет болон хувирах бөгөөд уруу харсан “V” үсэг хэлбэрээр байрлуулан орон дээрээ хэвтэн кино үзэх боломжтой. Одоогоор ямар ч планшет ийм боломжийг хэрэглэгчид өгөөгүй байгааг “Леново” тэмдэглэж байна.

Магни, карбоноор хийгдсэн эх бие бүхий ThinkPadCarbon X1 нотебуук нь гайхамшигтай нимгэн, хөнгөхөн төдийгүй маш бат бөх. “Леново”-гийн бүтээгдэхүүний талаар хэрэглэгчдийнхээ сэтгэлд хоногшсон “найдвартай” гэдэг үгийг хадгалахыг эрхэмлэдэг. Таны ажлын цүнхэнд ердөө л бичгийн цаас шиг зай эзлэх ThinkPadCarbon X1 нотебуук нь цаг, сэтгэл ханамжийг эрхэмлэдэг ажил хэрэгч хүмүүсийн анхаарлын гадна үлдэхгүй гэдэгт “Леново” итгэлтэй байна.

Үүнээс гадна “Леново”-гийн хамгийн нимгэн 27 инч дэлгэцтэй IdeaCentre  A720 суурин компьютер болон Yoga нотебуук таны ажлын ширээн дээр бага зай эзлэх юм.

Ийнхүү “Леново”-гийн удирдлагуудын танилцуулсан бүтээгдэхүүнүүд тус компани дэлхийн зах зээлийг эзлэх агуу төлөвлөгөөтэй байгааг харууллаа. Леново “байлдан дагуулалтаа” аль хэдийнэ эхэлжээ.

“Леново”-гийн ThinkPadCarbon X1 нотебуукийн видеог  ЭНД дарж үзнэ үү.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж