Амралтын өдрийн кофе уулзалт

Хуучирсан мэдээ: 2013.01.20-нд нийтлэгдсэн

Амралтын өдрийн кофе уулзалт

Хөгжмийн
зохиолч, продюсер Б.Наранзун фейсбүүк хуудсаараа дамжуулан найзуудаа
бүтэн сайны өдрийг өглөө 10.00 цагт “ILoft Function house”-д кофе
уулзалтад урьсан юм. Хоёр дахь удаагаа болж буй уг уулзалтад яарч
догдолсоор очлоо. Учир нь энэ удаагийн кофе уулзалтад урлагийн ховор
эрхмүүдийг урьсан тухай бичсэн байсан юм.

Хэн ч албадаагүй,
тасалбар борлуулаагүй нүүр тулсан чөлөөт уулзалтад төрөл, бүрийн ажил,
мэргэжилтэй 30-аад залуус цуглан амралтын өдрийн өглөөг “ILoft Function
house”-ийн хамт олны дайлсан кофег амтлан эхлүүлсэн юм. Тэнд цугласан
фейсбүүкийн найзууд тойруулан зассан ширээний ард тухлан сууж,
зочидтойгоо танилцав. Энэ удаагийн кофе уулзалтын хүндтэй зочдоор 
хөгжмийн зохиолч “Чингис хаан” хамтлагийн ахлагч, Гавьяат жүжигчин
Д.Жаргалсайхан, дугуйн спортын мастер, дасгалжуулагч, Гавьяат тамирчин
Ж.Өлзий-Орших, “Аж богдын харуул”, “Мөнхийн ус” дууг амьдруулсан дуучин
Т.Бат-Оргил гэргийн хамт, жүжигчин, хөтлөгч Г.Анхбаяр нар уригдсан
байлаа. Уг уулзалтад нэг л дүрэм байдгийг урилгын эзэн Б.Наранзун
танилцуулсан юм. Тэр бол ирсэн зочид өөрсдийгөө танилцуулан фейсбүүк
хаягаа солилцон алтан таван хошуу тавьж таглах аж. Энэ өдөр хөгжмийн
зохиолч “Чингис хаан” хамтлагийн ахлагч, Гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан
сүүлийн үеийн хийж буй уран бүтээл, шинээр байгуулахаар ажиллаж байгаа
Монголын рок, поп урлагийнхны түүхийг харуулсан музей, намтарчилсан
номынхоо судалгааны ажлын сонирхолтой мэдээллүүдийг хуваалцсан бол
дуучин Т.Бат-Оргил гэр бүлийн бизнес болох “Sachem” брэндийн coffee
shop, түүний гэргий Монголд түүхий эдийг нь авчран боловсруулж байгаа
өөрсдийн брэндийн кофеныхоо талаар болон бидний мэдэхгүй жинхэнэ кофены
талаарх сонирхолтой мэдээллийг хүргэсэн. Мөн Олон улсад дугуйн спортоор
Монголын нэрийг гарган гадаадын тамирчидтай нэг баг болон өрсөлдөж
байсан дугуйн спортын мастер, дасгалжуулагч, Гавьяат тамирчин
Ж.Өлзий-Орших дугуйн спорт хүний эрүүл мэндэд ямар ач тустай болон
дугуйны төрөл жанрын талаар сонирхолтой яриаг залуустай өрнүүлсэн. Мөн
жүжигчин, хөтлөгч Г.Анхбаярыг Б.Наранзун онигоо ярина хэмээн зарлан
түүнд микрофоныг дамжуулсан ч тэрээр энэ удаад онигоо бус урьсан зочдын
тухай уулзалтын үеэр төрсөн сэтгэгдлээ хошигнол болгон хэлсэн нь тэнд
цугласан фейсбүүчдийг хөгжөөгөөд авсан шүү. Түүний аливаа юмыг гярхай
тусган авч, хошигнодог зан өвөөгөөс нь эхтэй болов уу гэмээр. Өнөөдрийн
уулзалтаар түүнийг циркийн нэрт алиалагч, Ардын жүжигчин Ж.Данзан агсны
ач хүү гэдгийг мэдлээ. 

Та амралтын өдрөө шинэ танилуудаар
хүрээгээ тэлэн сонирхолтой ярилцлага өрнүүлэхийг хүсвэл бүтэн сайн өдөр
бүрийн өглөө 10.00 цагт цагт “ILoft Function house”-д уламжлал болон
үргэлжлэх кофе уулзалт хэний ч өмнө нээлттэй гэдгийг дуулгая. Төрөл
бүрийн ажил, мэргэжилтэй шинэ танилуудтай угтсан амралтын өдрийн кофе
уулзалт дараагийнхыг тэсэн ядан хүлээх хүлээлтээр үргэлжиллээ. Хурдан
ирэх ням гариг болоосой.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж