Ахмад настнууд хөнгөлөлттэй сувилуулна

Хуучирсан мэдээ: 2013.01.20-нд нийтлэгдсэн

Ахмад настнууд хөнгөлөлттэй сувилуулна

Ахмад настанууд жилд нэг удаа амралт, сувиллын газарт жилдээ 150 мянган төгрөгийн хөнгөлөлт эдлэхээр боллоо. Энэхүү шийдвэрийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан байна. Засгийн газрын 2012 оны 185 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар баталсан “Ахмад настанд тусламж, хөнгөлөлт үзүүлэх тухай журам"-д нэмэлт орууллаа. Ингэснээр ахмад настнууд амралт, сувиллын газарт жилдээ 150 мянган төгрөгийн хөнгөлөлт эдлэх эрхтэй боллоо. Шинэчилсэн журам ирэх хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөх юм байна.

Өмнө мөрдөж ирсэн журмаар ахмад настан өөрийн сонгосон газарт амарч сувилуулах бөгөөд амралт сувиллын газрын эрхийн бичгийн үнийн 50 хувийг жилд нэг удаа Нийгмийн халамжийн сангаас олгодог байсан нь багагүй хүндрэл учруулдаг байсан аж. Шинэ журмаар амралт, сувиллын газрууд ор хоногийн үнээ дур мэдэн нэмэгдүүлэн тогтоож, улмаар орлого багатай ахмадуудын амрах боломжийг хязгаарласан байна. Энэ нь Нийгмийн халамжийн сангаас олгох хөнгөлөлт болон ахмадын өөрөө төлөх хэмжээ, амарч, сувилуулах хугацааны хязгаарыг тогтоож өгөх шаардлага үүсгэжээ. Түүнчлэн, ахмадууд дурын амралт, сувиллын газарт амарсан гэх нэхэмжлэл авчран үнийн 50 хувийг нэхэмжилдэг болсноос үүдэн Нийгмийн халамжийн сангаас үнийн хөнгөлөлтөд зарцуулах хөрөнгийн хэмжээ хяналтгүйгээр огцом нэмэгдсэн байна.

2011 онд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй нийт 28 мянган иргэн амарч сувилуулсны хөнгөлөлтөд Нийгмийн халамжийн сангаас 2.2 тэрбум төгрөг, өнгөрсөн онд 4.3 тэрбум төгрөг зарцуулжээ. Ахмад настны амралт сувиллын газрын эрхийн бичгийн үнийн хөнгөлөлтийн хэмжээг 15 мянган төгрөгөөр тогтоосноор энэ онд төсвөөс 5.4 тэрбум төгрөг гаргах юм.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж