Хүсэл цухалзсан долоо хоног

Хуучирсан мэдээ: 2013.01.20-нд нийтлэгдсэн

Хүсэл цухалзсан долоо хоног

Ерөнхийлөгч нь сайд нарыг хотын даргатай нь бангадаж, буруу талдаа рультэй машиныг ад үзэж, нэр бүхий гишүүд суудалдаа үлдэх гэж улайрч, ерөнхий сайд инфляци буурсан гэж мэдэгдэв. Басхүү 20 гаруй кабелийн телевизэд шаардлага хүргүүлж ирэх гуравдугаар сарын 1-нээс өмнө биелүүлэхгүй бол хаахаа олон нийтэд зарлав. Эдгээр үйл явдлууд өнгөрч буй долоо хоногийн содон дүр төрх байсан юм.

Засгийг залруулах хүсэл

Сэтгэгдлийг хаана, торгоно, хална, малчдыг цалинжуулна. Сүүлийн үед Засгийн газраас зүглэх салхи ийм үгсийг дайдаг болсоор уджээ. Засаг бүхэлдээ муудаагүй ч нийтлэг төрх нь энэ учраас үнэлэмж ч, хийж байгаа ажил нь ч олон нийтээс базаахгүй үнэлгээ авах шалтгаан болсон нь гашуун үнэн. Яг энэ цаг үед Ерөнхийлөгч Засгийн газрын нээлттэй хуралдаанд оролцохоор болов. Ирэх сонгуулийн оршил эсвэл олон нийтийн саналыг эргүүлэх гэсэн тактик байсныг үгүйсгэхгүй ч хадуурсан засагт залруулга өгөх нэг сэжим болсныг хэлэх хэрэгтэй.

Ерөнхийлөгч маш олон асуултыг засгийн сайд нараас асуусан. Тавдугаар цахилгаан станц, Улаанбаатар хотыг тойрсон төмөр зам, автомашины зам, утаа, хөрсний бохирдол. Энэ бүгдэд хариул байгаа сайд нарын үгс нь ч тодорхой. Мэдэхгүй, хийж хэрэгжүүлж байгаа, өмнөх засгийн газар буруу ажиллагаатай холбоотой, тохирсон мэдээллээ манай яам явуулсан, нөгөө яамны мэдэх асуудал. Ерөнхийлөгчийн бухимдалтай асуулт бүр тодорхой бус хариултаар илэрхийлэгдэж байлаа. Төрийн тэргүүний зүгээс бүх сайд нарыг загнаж, засгийн ажлыг нэг л биш байгааг дүгнэж, сонгогдсон дөрвөн жилийн хугацааг маш богинохон гэдгийг сануулсан ч засаг цаашид хаашаа зүглэх чиглэл тодорхой болж өгсөнгүй.

“Шинэ засгийн бодлого”-оос олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслийн дургүй, зэвүү хоёрыг нэгэн зэрэг хүргэсэн зүйл бол яах аргагүй уншигч, хэрэглэгчдийн сэтгэгдлийг хаах тухай санаачилга. Сэтгэгдэлийг “барих”, хаах гэж хичээж байгаа нь ардчилсан гэх тодотголтой улсын шинж тэмдэг үү гэдэг эргэлзээтэй. Өнгөрсөн баасан гаригт засгийн газрын тогтоол гарчихсан. Сэтгэгдлийг нэгдсэн серверт оруулж, бичсэн нэг сэтгэгдлийнхээ төлөө бүх мэдээллээ олон нийтэд ил харуулна. Оройтсон байж болох ч  “Нэг хэсэг хүний муулж бичиж байгаа, нэг хүний муулж бичиж байгаа тэр зүйлд бүдрэх гэж байгаа бол нэг сая, хоёр сая, гурван сая хүний хувь заяаг яаж шийдэх юм бэ.Сая сая хүнд туслах, үйлчлэх гэж яваа бол нэг хүний, хэсэг хүний шүүмжлэл, доромжлолд битгий бүдэр л дээ” гэсэн Ерөнхийлөгчийн үгийг сануулъя.

Эргэлзээтэй олон хариултаар дүүрэн энэхүү нээлттэй хуралдааны дараа бас нэгэн эргэлзээ бий болов. Монгол Улсын засаглалын хэлбэр юу билээ? Парламентынх уу, Ерөнхийлөгчийнх үү бүр эсвэл холимог засаглалтай билүү? Засгийн хуралдаанд Ерөнхийлөгч оролцсоноос нь харвал холимог ч юм шиг. Ямар ч гэсэн төрийн тэргүүний оролцсон энэхүү хурал хаалттай засгийн хаалгыг бага ч гэсэн сэгийлгэх боломж олгосон, Ерөнхийлөгч бухимдсан… Харин Засгийн газар хэрхэхийг тэнгэр мэдэх биз.

Түгжрэлийг арилгах хүсэл

Хотын захиргааны зүгээс гаргасан бас нэгэн “хүсэл” бол огт түгжрэлгүй болгох хүсэл. Огт түгжрэлгүй болгох энэ хүслийг биелүүлэхэд хамгийн тохиромжтой бай нь буруу талдаа жолооны хүрдтэй машин. Дугаараар хязгаарлаж, нэгдүгээр эгнээгээр автобус зорчдог болсон. Ялгамжтай зорчих энэхүү шийдвэр бага зэрэг ч гэсэн үр дүн үзүүлснийг машин дээр ашиглахаар болов. Гэхдээ жолооны хүрдээр нь ялгаж амралтын өдөр хөдөлгөөнд оролцуулна. Өмнөх хоёр шийдвэрийг хүчирхийлэл, албадлагын алинаар нь ч хүлээж аваагүй, олон нийт. Харин жолооны хүрдээр ялгамжлах нь тийм зөв алхам уу? Хэрвээ бид буруу талдаа жолооны хүрдтэй машиныг хорих гэж байсан бол анхнаасаа хилээр яах гэж оруулсан юм бэ? Замын хөдөлгөөний дүрэм, гарын дүрэм гэдгийг хэрэгжүүлэх хуультай юм бол анхнаасаа яагаад сахиагүй юм бэ? Энэ том асуулт нээлттэй хуралдаанд ерөнхийлөгчийн хэлсэн үг, олон нийтийн шаардлагатай тулгарч ямар ч байсан ойрын өдрүүдэд хэрэгжихээргүй боллоо.

Хотын даргын хүсэл ийнхүү хэрэгжих боломжгүй болсон. Харин буруу талдаа жолооны хүрдтэй машины үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдчихсэн.

Телевизийг цэгцлэх хүсэл

Харилцаа холбооны зохицуулах газраас нэр бүхий 21 кабелийн сувгийн цацах эрхийг нь цуцлах шийдвэр гаргасан. Гэхдээ гуравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаа өгч энэ өдрийг хүртэл алдаагаа засахгүй бол эрхийг нь албан ёсоор цуцлахаар болсон билээ. Наад өнцгөөс нь харвал түг түмэн телевизийг цэгцлэх оновчтой шийдвэр. Цаад өнцгөөс нь харвал улстөрийн өнгө аяс цухалзсан өшөө авах шийдвэр. Тайлбарлах гээд ородъё. Монголд нэвтрүүлгээ цацаж байгаа бүх телевизүүд ардаа эзэнтэй. Тэд бүгдээрээ ямар нэгэн намынх. Харилцаа холбооны зохицуулах газар, Мэдээлэл, шуудан, харилцаа холбооны томоохон албан тушаал ч улстөрийн томилгоо. Хаах, хянах, цагдах шийдвэрт энэ бүх ашиг сонирхол нөлөөлөхгүй гэх баталгаа хэр зэрэг байгаа нь эргэлзээтэй.

Тэртээ тэргүй ардаа улс төрийн томоохон тоглогчидтой телевизүүд энэ шийдвэрийг хүлээж аваад, олон сар, жилийн турш улс төрийн үзлээ тулгаж байсан асар том боломжоосоо дуу нэгтэй салчихна гэдэг эргэлзээтэй. Бүр эсвэл харьяаллаа өөр нэгэнд шилжүүлээд, контентоо сайжруулаад явчих бололцоо ч тэдэнд бий.

Асуудлыг бас өөр өнцгөөс харах гээд оролдъё. Хэрвээ үнэхээр үзэгчдээ хүндэлж, өөрсдийнхөө бор зүрхээр явж байгаа бол тухайн кабелийн телевиз яагаад тогтоосон хугацаанд контентоо сайжруулаад, хөтөлбөртөө анхаараад явж болохгүй гэж. Хөрөнгө оруулагч гэдэг хүн ямар нэгэн хэмжээгээр кабелийн телевизүүдэд бий. Тэднээсээ шаардлагатай хөрөнгө аваад бүх шаардлагыг биелүүлчихэж болно. Гэхдээ нэг кабелийн телевизийн ард 10, 100 нь ч хамаагүй үзэгчид гэдэг томоохон төлөөлөл бий. Тэдний эрхийг хүндэтгэхийн тулд кабелийн байна уу, орон даяар цацдаг суваг байна уу хуулиа дээдэлдэг л байх учиртай.

Харах өнцөг олонтой энэ асуудалд ганцхан л зүйл бий. Энэ бол удирдлага. Төрийн удирдлага гэж хэвшсэн моральны ойлголтоос энэхүү ойлголт шал ондоо. Магадгүй бүр хүчтэй ч ойлголт байж болно. Хэрвээ үзэгч Батад “….” телевизийн нэвтрүүлэг таалагдахгүй бол ганц товшоод үзэхгүй байх эрх нь бий.

Энэ мэтчлэнгийн олон хүсэл, сонирхол цухалзсан долоо хоног өндөрлөх гэж байна. Эцэст нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хүсэл, сонирхолыг хүргэе. “Өнгөрсөн жилийн урьдчилсан гүйцэтгэлээр инфляци 14 хувьтай гарсан. 2012 оны эхээр инфляцийн төвшин хурдацтай өсч, дөрөвдүгээр сар гэхэд 16 хувьд хүрчихсэн байсан. Иргэдийн гар дээр бэлэн мөнгө тараасан, бусад бодлогын арга хэмжээнээс үүдэлтэйгээр инфляци эхний саруудад өндөр хэмжээнд хүрсэн байгаа юм. Засгийн газар 2012 оны наймдугаар сарын 20-нд байгуулагдаад, бидний авч хэрэгжүүлсэн бодлогын гол арга хэмжээний нэг бол инфляцийг хазаарлан барих, чадвал бууруулах байсан”. ..Бэлэн мөнгө тараах амлалтыг хэн, хэн өглөө…

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж