Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл өглөө

Хуучирсан мэдээ: 2013.01.19-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл өглөө

Агаарын бохирдлын асуудлаар цаашид авах арга хэмжээний талаар Засгийн газрын тогтоол гаргах боллоо
Шинэчлэлийн Засгийн газар анхныхаа нээлттэй хуралдааныг хийлээ. Энэхүү нээлттэй хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийсэн ажлын талаар мэдээлэл сонсож, зарим асуудлаар тодорхой санал дэвшүүлсэн юм.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийн агаарын бохирдлын талаар хэлэлцээд гамшгийн хэмжээнд хүрсэн хэмээн дүгнэж, энэ асуудлыг шийдвэрлэхээрЕрөнхийлөгчийн санаачилгаар боловсруулсан Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийг 2011 оны 2 дугаар сарын 10-нд баталсан билээ. Улмаар хууль хэрэгжүүлэх үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо”-г байгуулж, салбар бүрт яамд тодорхой ажил хариуцан ажилласан.Тиймээс хуралдааны эхэнд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо”-ны дарга П.Цагаан нар хийж гүйцэтгэсэн гол гол ажил, гарсан үр дүнгийнхээ талаар танилцууллаа.

Өнгөрсөн хоёр жилд утаагүй зуух, утаагүй түлш, эрчим хүчний хэмнэлттэй халаалт, дулаалгын хэрэгсэл зэрэг айл өрхөд чиглэсэн ажил болон нам даралтын зуухуудыг төвлөрсөн халаалтын сүлжээнд холбох, авто тээврийн хэрэгслээс гарах бохирдлыг бууруулах зэрэг багц үйл ажиллагаа явуулсны үр дүнд Улаанбаатар хотод 2012 оны 10-12 дугаар сарууд буюу халаалтын ачаалалтай саруудад агаарын бохирдол 20 орчим хувиар, бохирдолд агуулагдах хорт бодис 80 хүртэл хувиар буурсан байна. Эдгээр тоон үзүүлэлтээс гадна агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажиллах бүтэц тогтолцоо, зохион байгуулалт бий болсон нь цаашид богино хугацаанд үр дүнд хүрэх суурь орчин бүрдүүлснийг холбогдох газрууд тодотгосон.

Гэвч, алдаа дутагдал дагуулсан хэд хэдэн асуудал үүссэнийг ч албаны хүмүүс хэлж байна. Нэн тэргүүнд “ДЦС-2” ТӨХК-ийг түшиглэн барьж буй хагас коксон түлшний үйлдвэр хугацаандаа ашиглалтад ороогүйгээс агаарын бохирдлыг 50 хүртэл хувиар бууруулах үндсэн зорилт хэрэгжиж чадсангүй.Нийслэлийн185 мянган өрхийг боловсруулсан түлшээр бүрэн хангахад жилд хагас сая тонн хагас коксжон түлш хэрэгтэй. Анхны тооцоогоорТЭЦ-2 цахилгаан станцжилд 210 мянган тонн, хувийн хэвшлийн 10 гаруй аж ахуйн нэгж25-30 мянган тонныг үйлдвэрлэх, үлдсэн 250-300 мянган тонн түлшийг шинэүйлдвэр барьж шийдвэрлэхээр төлөвлөсөн байв. Гэтэл өнгөрсөн оны төгсгөлөөс бүрэн хүчин чадлаараа ажиллах ёстой байсан ТЭЦ-2 станц одоо хүртэл хэвийн ажиллаж чадахгүй байгаагаас боловсруулсан түлшээр айл өрхүүдийг хангах ажлын гүйцэтгэл тасарчээ. Үйлдвэр яагаад хэвийн ажиллаж чадахгүй байгааг тодруулахаар салбарын яамнаас ажлын хэсэг гарган шалгаад үйлдвэрлэлд нэвтрээгүй технологи туршсан гэсэн урьдчилсан дүгнэлт гаргасан байна.

Агаарын бохирдолтой тэмцсэн ажлын үр дүнг танилцуулсны дараа ирэх жилүүдэд энэ чиглэлтэй холбогдуулан Засгийн газраас хэрэгжүүлэх бодлого, тодруулбал Улаанбаатар хотын гэр хорооллын төлөвлөлтийг сайжруулан барилгажуулах, орон сууцны хороолол барих, тэдгээрийн инженерийн дэд бүтцийн хангамжийг шийдвэрлэх тухайшинэчлэлийнтөлөвлөөний талаар Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нар танилцуулга хийсэн юм.

Ирэх жилүүдэд зөвхөн Улаанбаатар хотод 100 мянган орон сууц барина. Гэхдээ хотын төвд биш гэр хорооллоо барилгажуулах чиглэл барьж байгаа. Орон сууц, дэд бүтцийг хамтад нь авч үзэх энэ бодлого утааны асуудлыг шийдээд зогсохгүйавто замын түгжрэл, төлөвлөлтгүй дэд бүтцийг цэгцлэхээс гадна үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрээд буй хөрс, усны бохирдлыг шийдвэрлэхэд чиглэж байгааг  Хотын захирагч Э.Бат-Үүл тодотгосон. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын танилцуулсан “Гудамж” хөтөлбөр нь хурдны зам барих төслүүд болон дэд бүтцийн асуудал шийдэхийн зэрэгцээ түгжрэлтэй зам дээр бөглөрсөн 200 мянган машины дутуу шаталтаас гарч байгаа агаарын бохирдлыг бууруулах ач холбогдолтой юм.

Засгийн газрын хуралдаан дээр агаарын бохирдлыг бууруулсан ажлын үр дүн болон ойрын хугацаанд хэрэгжүүлэх бодлого төлөвлөгөөний талаар танилцуулсан дээрх мэдээллүүдтэй холбогдуулан Засгийн газрын гишүүд асуулт тавьж хариултаа авсан бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарим асуудлыг тодруулж, хэд хэдэн чиглэлээр санал хэлсэн юм. Ерөнхийлөгч, Төрийн албан тушаалтнуудын гаргасан алдаатай шийдвэрт хариуцлага тооцох, хэдэн он, хэдэн Засгийн газар дамжин сунжирч буй томоохон ажлуудыг түргэвчлэн шийдэх, бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан ачаалал нь нэмэгдэх зарим салбарын зохицуулалтыг анхаарах, одоо мөрдөж буй стандартуудаа нэн даруй шинэчилж мөрдүүлэх зэрэг чиглэлээр саналаа хэлсэн юм. Түүнчлэн, нийслэл хот руу чиглэсэн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг нийслэлээс гадагш хандуулах зорилгоор эдийн засгийн зохицуулалтууд хийж, тэр дундаа газар өмчлөл, үндсэн хөрөнгийн татвар, орон нутгийн төсвийн орлого, ажил эрхлэлт зэрэг иргэдийн амьжиргаатай холбогдуулан Засгийн газраас бодлогын дэмжлэг үзүүлж ажиллахыг чиглэл болголоо. Мөн тэрбээр хурдтай бас санаачилгатай ажиллаж байгаа Шинэчлэлийн Засгийн газрын сайдуудад баяр хүргээд илүү олон асуудлыг хөндөж, үр дүнтэй олон ажил хийхийг санууллаа.

Харин Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг шинэлэг санал санаачилгууд дэвшүүлэн Засгийн газрын ажилд дэмжлэг үзүүлэн ажилладаг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид талархал илэрхийлээд, өнөөдрийн хуралдаанаар тусгайлан хэлэлцсэн агаарын бохирдлын асуудалтай холбогдуулан хэд хэдэн үүрэг, чиглэл тусгасан 6 үндсэн заалт бүхий Засгийн газрын тогтоол гарган ажиллахаар шийдвэрлэлээ.

Өвөлжилт хүндэрсэн 10 аймагт дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэлээ

Өвөлжилт хүндэрсэн Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Аптай, Завхан, Өвөрхангай, Ховд, Хөвсгөл, Увс аймгуудад малын өвс, тэжээл, автомашины сэлбэг хэрэгсэл, бензин шатахуун, эм, биобэлдмэл худалдан авч хүргэх, малчин иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, хаагдсан зам давааг нээх, айл өрхийг нүүлгэн шилжүүлэх зэрэгт зориулан хөрөнгө гаргахаар шийдвэрлэлээ.

Өнөөдрийн байдлаар 18 аймгийн 91 суманд өвөлжилт хүндрэн зудын хэмжээнд хүрээд байгаа юм. Энэ жил цас эрт орж нягтран мал бэлчээрлэх боломжгүй  нөхцөлд хүргэснээрмал эрт тэжээлд орсон нь өвөлжилт хүндэрсэн гол шалтгаан болжээ. Дээрх аймгуудад орон нутгийн нөөц хөрөнгө дууссан тул зудын гамшгийг даван туулахад бэрхшээл үүсээд байна. Иймд дэмжлэг хүссэн 10 аймгийн хүсэлтийг судлан үзээд тодорхой хөрөнгө гаргаж мал болон малчдад тулгарсан бэрхшээлийг даван туулахад дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэлээ.

Ахмадуудын хөнгөлөлт эдлэн амарч сувилуулах боломжийг нэмэгдүүллээ

Засгийн газрын 2012 оны 185 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Ахмад настанд тусламж, хөнгөлөлт үзүүлэх тухай журам"-д нэмэлт орууллаа. Ингэснээр ахмад настнууд амралт, сувиллын газарт жилдээ 150 мянган төгрөгийн хөнгөлөлт эдлэх эрхтэй боллоо. Шинэчилсэн журам ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөнө.

Өмнө мөрдөж ирсэн журмаар ахмад настан өөрийн сонгосон газарт амарч сувилуулах бөгөөд амралт сувиллын газрын эрхийн бичгийн үнийн 50 хувийг жилд нэг удаа Нийгмийн халамжийн сангаас олгодог байсан юм. Энэ нь хэд хэдэн хүндрэл үүсгэж байв. Амралт, сувиллын газрууд ор хоногийн үнээ дур мэдэн нэмэгдүүлэн тогтоож, улмаар орлого багатай ахмадуудын амрах боломжийг хязгаарласан байна. Энэ нь Нийгмийн халамжийн сангаас олгох хөнгөлөлт болон ахмадын өөрөө төлөх хэмжээ, амарч, сувилуулах хугацааны хязгаарыг тогтоож өгөх шаардлага үүсгэжээ. Түүнчлэн, ахмадууд дурын амралт, сувиллын газарт амарсан гэх нэхэмжлэл авчран үнийн 50 хувийг нэхэмжилдэг болсноос үүдэн Нийгмийн халамжийн сангаас үнийн хөнгөлөлтөд зарцуулах хөрөнгийн хэмжээ хяналтгүйгээр огцом нэмэгдсэн байна. 2011 онд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй нийт 28 мянган иргэн амарч сувилуулсны хөнгөлөлтөд Нийгмийн халамжийн сангаас 2.2 тэрбум төгрөг, өнгөрсөн онд 4.3 тэрбум төгрөгзарцуулжээ. Ахмад настны амралт сувиллын газрын эрхийн бичгийн үнийн хөнгөлөлтийн хэмжээг 15000 төгрөгөөр тогтоосноор энэ онд төсвөөс 5.4 тэрбум төгрөг гаргах юм.

Товчхон:

Засгийн газрын 2012 оны 137 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Үндэсний хиймэл дагуул хөтөлбөр" хэрэгжүүлэх ажлын явцыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг танилцууллаа. Үүнтэй холбогдуулан Сансрын холбооны болон тандан судалгааны хиймэл дагуул хөөргөх төсөлд үйлдвэрлэл, хөөргөлт, газрын дэд бүтэц, даатгал, сургалт зэргийг багцаар авч үзэх, төслийг хамтран хэрэгжүүлэх туршлага бүхий өндөр хөгжилтэй улс оронтой Засгийн газар хоорондын яриа хэлцээ хийх, хөтөлбөрийн үйл ажиллагаанд энэ онд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх, явц, үр дүнг нэгдүгээр улиралд багтаан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулах зэргийг хариуцсан албан тушаалтнуудад даалгалаа.

Сэргээгдэх эрчим хүчний сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталсан Засгийн газрын 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 98 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт орууллаа. Тус зөвлөлийг Эрчим хүчний сайд даргалж, холбогдох дөрвөн яамны Төрийн нарийн бичгийн дарга, улсын төсөвт болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл орж ажиллах юм.

Гадаад харилцааны сайд Л.Болд ирэх сарын 1-3-ны өдрүүдэд ХБНГУ-д болох Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 49 дүгээр бага хуралд оролцохтой холбогдуулан тус бага хурлын үеэр Монголын талаас баримтлах удирдамжийг Ерөнхий сайдаар батлуулахаар тогтлоо.

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн санаачилсан “Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай" УИХ-ын 1998 оны 05 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцээд хэд хэдэн санал орууллаа. Тухайлбал, шонхор шувууг Үндэсний бахархалт шувуугаар нэрлэж, зүй бус хорогдол, худалдаанаас хамгаалахаар энэ оноос эхлэн 5 жилийн хугацаагаар улсын хилээр гаргахыг хориглосон тул тусгайлан УИХ-ын тогтоолд нэмэлт оруулж, энэ төрлийн шувууг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бүлэг барааны жагсаалтад хамааруулах шаардлагагүй гэж үзсэн юм.

Төв, Зүүн Европ болон Монгол зэрэг орныг хамран үйл ажиллагаа явуулдаг байсан Европын сэргээн босголт, хөгжлийн банкцар хүрээгээ өргөжүүлэнГазрын дундад тэнгисийн Өмнөд болон Зүүн бүсийн орнуудыг нэгтгэхээр Захирлуудын зөвлөлийн өнгөрөгч 9 дүгээр сарын тогтоолоороошийдвэрлэжээ. Үүнтэй холбогдуулан тус банк үүсгэн байгуулах хэлэлцээртээ нэмэлт, өөрчлөлт оруулсан тул түүнийг гишүүн орнууд нь хүлээн зөвшөөрч, соёрхон батлах учиртай. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Монгол Улс 2000 онд Европын сэргээн босголт, хөгжлийн банкийг үүсгэн байгуулах тухай хэлэлцээрийг хүлээн зөвшөөрч, соёрхон баталснаар тус банкны 61 дэх гишүүнээр элссэн. Гишүүн орнуудынхаа эдийн засагт хувь нэмэр оруулж, зах зээлийн баримжаатай нээлттэй эдийн засагт шилжихэд туслахад тус банкны үйл ажиллагаа чиглэдэг.
 
Стандартчилал, хэмжил зүйн газар дахь 633 нанометр долгионы урттай, иодоор тогтворжуулсан гели-неон эталоныг уртын хэмжлийн нэгжийн улсын эталоноор баталлаа. Барилга, зам гүүр, уул уурхай, ашигт малтмал олборлолт, геодези, нефть, хийн бүтээгдэхүүний тооцоолол болон дулаан, цахилгааны алдагдлыг тогтоох зэрэг өндөр нарийвчлал шаардагдах салбаруудад ашиглаж буй тоног төхөөрөмж, хэмжих хэрэгсэлд уртын нэгжийг үнэн зөв дамжуулах, улсын хэмжээнд уртын хэмжлийн нэгдмэл байдлыг хангахад уртын хэмжлийн нэгж “метр"-ийн эталон бий болгон хөгжүүлэх шаардлага гарсан учир ийнхүү батлахаар тогтлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж