Архангай, Булган аймагт өдөрлөг зохион байгууллаа | News.MN

Архангай, Булган аймагт өдөрлөг зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2010.05.23-нд нийтлэгдсэн

Архангай, Булган аймагт өдөрлөг зохион байгууллаа

Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб болон аймгуудын ЗДТГ хамтран энэ сарын 22-23-нд Архангай, Булган аймагт Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах өдөрлөг зохион байгууллаа.  Архангай аймагт болсон Батлан хамгаалах зорилт сурталчлах арга хэмжээ Өрлөг жанжин, маршал Г.Дэмидийн 110, Монгол Улсын баатар Д.Нянтайсүрэнгийн мэндэлсний 100 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог болсон. Цэцэрлэг хотын төв талбайд тус аймгийн цагдаа, шүүхийн шийдвэр биелүүлэх хэлтэс, онцгой байдлын алба болон Зэвсэгт хүчний 256, 150 дугаар ангийн дайчдын жагсаал, гардан тулааны үзүүлбэр, зэвсэг техникийн үзэсгэлэн, шүхэрчдийн буулт, цэргийн чуулгын уран бүтээлчдийн тоглолт зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээ зохиолоо. Цэргийн эмч нар дээрхи хоёр аймгийн 2000 гаруй хүнд эрүүл мэндийн үзлэг, зургаан хүнд мэс засал хийсэн байна. Мөн Батлан хамгаалахын төв архивынхан 1969-1992 онд цэргийн алба хаасан иргэдэд архивын лавлагаа хийж үйлчиллээ. Улсын начин И.Ёндонсамбуугийн тэргүүлсэн “Алдар” спорт хорооны бөхчүүд Архангай, Булган аймгийн бөхчүүдтэй уулзалт барилдаан хийв.

Булган аймагт Батлан хамгаалах бодлого, зорилт сурталчлах өдөрлөг үргэлжлэн Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн дайчид жагсаалын үзүүлэх тоглолт хийв. Дээрх аймгуудад болсон Батлан хамгаалах бодлого, үйл ажиллагаа сурталчлах арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болд, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал М.Борбаатар, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав болон албаны хүмүүс оролцлоо.

    Б.Анхаа

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж