
Засгийн газрын гишүүд ажлаа танилцуулж, цаашид ямар арга хэмжээ авах талаараа ярилцсан юм. Танилцуулгатай холбогдуулан Ерөнхийлөгч асуулт асууж, сайд нарт сануулга өглөө.
“Солгой” хүрдтэй машины асуудлаар нийслэлийн Засаг дарга өнгөрсөн долоо хоногт санал асуулга явуулж, иргэдийн 75 хувь нь татгалзаж байна гэсэн санал өгсөн. Гэвч хотын мээр дахин санал асуулга явуулж байгааг зэмлэж “Юун буруу талдаа хүрдтэй машин бэ?, Энэ хотод хийх ажил өөр байхгүй байна уу. Нэг удаа санал аваад ард түмэн 75 хувиар эсэргүүцэж байхад долоо хоноод дахин санал хураана гэж юу яриад байгаа юм бэ. Агаар, хөрсний бохирдлоос эхлээд асуудал олон байхад ийм асуудлыг яриад сууж байх хэрэггүй” гэж санууллаа.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, сайд Ч.Сайханбилэгийн санаачлагаар “Сайтуудын сэтгэгдлийг нэгдсэн серверт оруулах, хаягжуулах” төсөл яригдаж буй. Ерөнхийлөгч үүнд ч таатай хандсангүй. Тэрбээр “Бүхэл бүтэн улсын өмнөөс ажил хийж байж ганц нэг хүн, хэсэг хүний шүүмжлэлтэй зууралдах хэрэггүй. Үгийг нь хүлээж авч байх хэрэгтэй. Элдэв хэл амыг тоохгүй байсан нь дээр шүү дээ. Сайтын ассиоцицын хийх ажлыг Засгийн газрын сайд хийгээд хэрэггүй” гэсэн хатуухан сануулгыг өгсөн юм. Мэдээллийн сайтуудад сэтгэгдэл бичих нэрээр доромжлох, нэр хүндэд халдах тохиолдол гарч байгаа учраас нэгдсэн серверт оруулж, нэр, и-мэйл хаяг буюу “буцах хаягтай” сэтгэгдэл авдаг болье гэсэн саналыг Н.Алтанхуягийн Засгийн газар дэвшүүлсэн ч олон нийт хэвлэл мэдээллийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа билээ.
Ерөнхийлөгчийн Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгыг ч зүгээр орхисонгүй. Төмөр замын даргыг ажлаас нь халсан, халаагүй гэсэн шүүмжлэл дагуулаад буй түүнд “Нэг л их санаа алдаж, хүн муулсан хүн байх юм. Өмнөх ажлаа хий. Та мал хариуцсан сайд биш хүн хариуцсан, үйлдвэрийн сайд. Мал руу биш хүн рүү чиглэсэн ажлаа хий” гэв. Орон нутагт мал аж ахуйгаа дагаад үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь зүйтэй. Гэхдээ салбарын сайд нь ажилдаа хариуцлагатай хандах ёстой гэж санууллаа.
Эцэст нь Засгийн газарт хандаж “Өмнөх юм нь болохгүй байна, өмнөх Засгийн газрын ажлыг цэгцлэх гэж байна гэж ярихаа зогсоох хэрэгтэй байна. Одоо бид юу хийх вэ, ямар гарц байна. Ажлаа ямар хугацаанд биелүүлэх вэ гэдгээ ярилцах хэрэгтэй. Ажил бүрийн ард хариуцах эзэн байдаг. Тиймээс ажлаа хийж чадахгүй бол хариуцлага тооц, ажлаа өг гэдэг зарчмаар явах хэрэгтэй. Дөрвөн жил гэдэг богино хугацаа, нэг жилээ ардаа орхиж байна. Тиймээс хариуцсан ажлаа хийцгээе” гэдэг хатуу шүүмжлэлийг Засгийн газарт өгснөөр нээлттэй хурал хаалттай болов.
Ерөнхийлөгч Засгийн газрын хуралдаанд орж ийнхүү сануулга өгөх болсон нь Улаанбаатарт утаа өмнөхөөсөө багасах биш ихэсч, Засгийн газрын амнаас “хаана, торгоно, хураана” гэхээс өөр үг гарахаа больж, халаа сэлгээнээс өөр ажил хийж байгаа нь харагдахгүй олон нийт бухимдаж эхэлсэнтэй холбоотой байх. Харин Засгийн газар түүний сануулгыг хэрхэн хүлээж авсныг олон нийт анхааралтай ажиглаж байна.