Хуучнаар ЭНЭШТ, одоогийн Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн эмч нар төрөөд дөрвөн сар болж байсан М.Номинжин охинд эмчилгээ хийхдээ хариуцлага алдсанаас тархи нь үхжиж, унаж татдаг, сонсголгүй, хараагүй болсон гэх хэрэг аль 2009 оноос эхэлсэн. Төрөөд удаагүй байсан охин уушгины хатгалгаагаар өвдөж, ЭНЭШТ-д хүргэгдсэн ч “эмчилгээгүй” гэх онош тавиулсан байдаг. Эрүүл саруул төрсөн охиноо эрэмдэг болгосон эцэг эх Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргаснаар эмч нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн билээ. Охины эцэг эх гурван жил шахуу цагдаа, прокурор, шүүхийн хооронд явсаны эцэст хэргийг шүүхээр шийдвэрлүүлж чаджээ.
Охиныг тус эмнэлэгт хэвтэх үед Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн мэс заслын клиникийн мэдээгүйжилт, эрчимт эмчилгээний тасагт их эмчээр ажиллаж байсан их эмч Б.Одгэрэл, тус төвийн Амьсгалын эрхтний эмгэг судлалын тасагт их эмч ажилтай байсан, тухайн үед жижүүр эмчээр ажиллаж байсан С.Очир нарт эрүүгийн хуулийн 160.2-т зааснаар буюу эмч, эмнэлгийн ажилтан өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс өвчтөний бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэх үндэслэлээр буруутган эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байна.
Анхан шатны шүүх хурал хэд хэдэн удаа зарлагдсан ч аар саар шалтгаанаар хэдэнтээ хойшилсны эцэст Баянгол дүүргийн шүүх шийдвэрээ гаргажээ. Мөрдөн байцаалтын явцад цуглуулсан нотлох баримтаар их эмч Б.Одгэрэл нь 2009 оны тавдугаар сарын 06-ны өдөр уушигны хатгалгаа оноштойгоор тус төвийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлэхээр ирсэн хохирогч Б.Одончимэгийн охин дөрвөн сартай М.Номинжинд тавдугаар сарын 11-ний өдөр баруун эгэмний доорхи венийн судсанд сельденгирийн аргаар хаймсуур тавих мэс ажилбар хийжээ. Мэс ажилбарын үед тавьсан гуурс уушгийг хатгаснаас уушгийг гэмтээсэн байна. Улмаар охиныг мэс ажилбарын дараа эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй хяналтгүй орхисноос цээжний хөндийд хий хуралдаж, охины бие махбодид хүнд гэмтэл учруулсан, тухайн үед жижүүр эмчээр ажиллаж байсан их эмч С.Очир нь мэс ажилбарын дараа буюу хатгалт хийснээс хойш найман цагийн дараа үзлэг хийсэн ч ажилбараас гарсан хүндрэлийг эрт оношлоогүй, хяналтгүй орхиж, эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс өвчтөний бие махбодид хүндрэл учруулсан буруутайд тооцсон байна.
Тиймээс эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар Б.Одгэрэл, С.Очир нарын эмчлэх эрхийг гурван жилээр хасч, хоёр жил хорих ял тус тус оногдуулах шийдвэр гаргажээ. Хэдийгээр тэдний гэм буруутай нь шүүхийн шатанд нотлогдсон ч 2009 оны долдугаар сарын 9-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.4-т зааснаар Б.Одгэрэл, С.Очир нарт оногдуулсан ялыг тус бүр өршөөн хэлтрүүлсэн байна. Харин хохирогч Б.Одончимэгийн нэхэмжлэлийн шаардлагаас 51.190.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497.1, 498.1, 505.1, 505.2-т тус тус зааснаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 17.702.200 төгрөг гаргуулж хохирогч Б.Одончимэгт олгуулахаар болжээ. Гэхдээ хохирогч Б.Одончимэг нь гэм хорын хохирлоо нотлох баримт бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйгээр шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, шүүхээс тогтоогдсон дээрх мөнгийг хохирогч дахин нэхэмжлэл гаргаж шүүхээр орж байж гаргуулж авна гэсэн үг.
Баянгол дүүргийн анхан шатны шүүхээс эмч нарын буруутай болохыг тогтоосон ч тэд шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Гомдлыг нийслэлийн шүүх 2013 оны нэгдүгээр сарын 10-нд хянан хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан С.Очир, Б.Одгэрэл, иргэний хариуцагчийн өмгөөлөгч Д.Цэрэнханд нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргажээ. Хоёр шатны шүүхээс гэм буруутай болох нь тогтоогдсон эмч нар хяналтын шатанд гомдол гаргасан эсэх нь тодорхойгүй байна. Охины ээж хариуцлага алдсан эмч нар хяналтын шатанд гомдол гаргавал шүүхийн шийдвэр эцэслэн гарсны дараа хэвлэл мэдээлэлд хандаж мэдээлэл хийнэ гэсэн юм. Тэрээр өмнөх шүүх хурлын үеэр сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Эмч нарын хариуцлагагүй байдлаас миний охин хэзээ ч эдгэхгүй өвчтэй эрэмдэг болсон. Ямар ч эмчилгээ байхгүй ч хүүхдийг минь ийм болгочихоод ажлаа хийж яваа эмч нарт хариуцлага тооцуулахын төлөө өнөөдрийг хүртэл хуулийн байгууллагаар явж байна. Хүний муу үзэх гээд, мөнгө төгрөг салгах гэж яваагүй. Хамгийн гол нь эмч нарын хариуцлагагүй байдлаас надтай адил олон ээж, аав битгий хохироосой гэсэндээ хууль, шүүхийн байгууллагаар цөхрөлтгүй явж байна” хэмээн ярьжээ.
Шүүх хуралдааны үеэр охины ээжийг буруутган дайрч, шүүх хуралдааныг сурвалжлахаар очсон сэтгүүлчдийг нэг талд үйлчиллээ хэмээн хэл үгээр доромжилж байсан их эмч Б.Одгэрэл, С.Очир нарын гэм бурууг шүүх тогтоожээ. Тэдний биеэр эдлэх хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн ч эмчлэх эрхийг нь гурван жилээр хассан. Шүүх хуралдаан болох хүртэл тэд ажлаа хэвийн үргэлжлүүлж байсан байна. Харин хоёр шатны шүүхийн шийдвэрийн дараа тэдний ажлаа хийх эрхийг нь хассан эсэхийг хуучнаар ЭНЭШТ, одоогийн Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн дарга Ш.Энхтөрөөс тодруулахад,
-Шүүхийн шийдвэрийн талаар сонссон. Одоогоор шүүхийн шийдвэр албан ёсоор бичгээр ирээгүй байна. Хуулиараа шүүхийн шийдвэр бичгээр ирсний дараа арга хэмжээ авах ёстой. Хоёр эмч ажлаа хийж байгаа. Шүүхийн шийдвэрирсний дараа шийдвэрийг биелүүлж, эмчлэх эрхийг нь хасах арга хэмжээ авна гэв.
Тухайн үед хариуцлага алдсан эмч нар уснаас хуурай гарах арга зам хайж М.Номинжин охины өвчний түүхийг өөрчилсөн гэх асуудал ч яригдаж байсан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гурван ч дүгнэлт гарсан аж. Тодруулбал 2009 оны аравдугаар сарын 5-ны өдөр гарсан эхний дүгнэлтээр "…Номинжин охин ЭНЭШТ-д эмчлэгдэж байхдаа 2009 оны тавдугаар сарын 11-нд баруун эгэмний доорх венийн судсанд гуурс тавих явцад баруун уушги хатгагдаж, баруун уушгины гялтангийн хөндийд хий хуралдаж, баруун уушгины бүрэн бус өвчлөлт үүссэн. Амьсгалын дутагдал хавсарсан байдлаар гүнзгийрч, сэхээн амьдруулах арга хэмжээ авсны үр дүнд амь нас нь аврагдсан" гэж дүгнэсэн байдаг.
Энэхүү дүгнэлт гарсны дараа буюу 2009 оны арванхоёрдугаар сараас ЭНЭШТ-ийн эмч С.Очир, Б.Одгэрэл, Б.Гэрэлтуяа, С.Энхтуяа, н.Энхцолмон нар нь Номинжин охины өвчний түүхийг тус төвийн архиваас клиникийн төвийн захирал Ш.Энхтөрийн зөвшөөрөлтэйгээр гурван ч удаа авсан байх юм. Өвчтний түүхийг дээрх эмч нар авснаас хойш шүүх эмнэлгийн хоёр, гурав дахь удаагийн дүгнэлтэд М.Номинжин охиныг “төрөлхийн тархины өвчтэй” гэж гарсан байна. Энэ нь эмч нарын буруутай үйлдлийг хаацайлах гэсэн оролдлого байж. Учир нь охин төрөлхийн тархины өвчтэй бус эмч нарын хариуцлагагүй үйлдлээс хохирсон болохыг шүүхийн байгууллага тогтоосон. Охины өвчний түүхийг авах зөвшөөрлийг өгсөн Клиникийн төвийн захирал Ш.Энхтөр “Манайх шинжлэх ухааны байгууллага учир өвчтний түүхийг бүх эмчид өгөх ёстой. М.Номинжин охины өвчний түүх солигдсон гэх асуудал миний мэдлээс хэтэрсэн хэрэг учир хууль хяналтын байгууллага шийдэх байх” гэх тайлбарыг өгч байж.
Болсон үйл явдлыг эхнээс нь товчлон хүргэе. М.Номинжин охин 2009 оны нэгдүгээр сарын 23-нд нэгдүгээр амаржих газарт 3.1 кг жинтэй, хүндрэлгүй, өвчин зовиургүй эхээс мэндэлжээ. Харин гурван сарын дараа дөрөвдүгээр сарын 29-ны өдөр уушгины хатгаагаар өвдөж, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн аж. Удалгүй охины аав ЭНЭШТ-ийн нярайн сэхээний эмч С.Энхтуяад үзүүлэхэд охины биеийн байдлыг хүнд байна гэсэн учир ЭНЭШТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн байна. .
Охиныг эмчлэгч эмч Б.Гэрэлтуяа хүлээн аваад "Хүүхэд хатгаа өвчтэй, дээр нь шингэн алдсан байна" гэх онош хэлжээ. Хэд хоногийн дараа "Охинд эмчилгээ хийх гэсэн боловч судас нь олдохгүй байна. Иймд венийн судсанд нь гуурс тавих шаардлагатай" гээд орой 18.00 цагийн үед эмч Б.Одгэрэл яаруу сандруу охинд гуурс тавьчихаад яваад өгсөн байна. Удалгүй охин гэнэт уйлж сувилагч нар гуурсаар өвчин намдаах тарианууд хийсэн боловч охины бие муудсаар зүрх нь зогссон байна. Учир нь Б.Одгэрэл эмч гуурс тавихдаа хайнга хандаж охины уушгийг хатгасны улмаас уушгинд нь хий хуралдан улмаар зүрх нь зогсоход хүрчээ. Хэрэв эмч Б.Одгэрэл охины уушгийг хатгаснаа тэр даруйд нь мэдэж яаралтай арга хэмжээ авсан бол өнөөдөр эмчилгээгүй болтлоо хүндрэхгүй байх байсан болов уу хэмээн эцэг эх нь ярьж байсан юм.
Харин тухайн өдрийн жижүүр эмчээр ажиллаж байсан эмч С.Очир дээрх хүндрэлийг найман цагийн дараа мэдсэнээр уушгины хагалгаанд яаралтай оруулахаар болсон байдаг. Эмч нарын энэхүү хариуцлагагүй байдлаас болж М.Номинжин охин хоёр хоног аппаратанд байсны эцэст зүрх нь дахин цохилж эхэлжээ. Эмнэлэгт гуурстай долоо хоносны дараа судсаар нь идээ гүйсэн байж.
Эмнэлэгт 14 хоног хэвтсэн ч М.Номинжин охины биеийн байдал сайнгүй хэвээр. Харин эмчлэгч эмч Б.Гэрэлтуяа, О.Солонго нар "Танай охины шинжилгээний хариу гайгүй гарсан байна. Удахгүй биеийн байдал нь сайжирна. Эм тариа ихээр хийлгэсэн учир шоконд орсон байгаа шүү. Харин одоо эрүүл агаарт гараад л дорхоноо эдгэрчихнэ. Зүрх нь хэсэг хугацаанд зогссон учир ойролцоогоор хоёр жил зүрхний эмчийн хяналтад байх хэрэгтэй” гээд эмнэлгээс гаргажээ. Гэтэл дөрөвхөн сартай бяцхан охины бие эмнэлгээс гараад огт дээрдэлгүй, ойр ойрхон таталт өгдөг болсон тул арга буюу амбулаторийн мэдрэлийн эмчид үзүүлэхэд "тархины зураг авахуулах шаардлагатай" гэсэн хариу өгсөн байна. Үүний дагуу "Улаанбаатар Сонгдо" эмнэлэгт тархины зураг авахуулан, ЭНЭШТ-ийн хүүхдийн зөвлөх эмч н.Жаргалсайханд үзүүлтэл "Охины чинь зүрх нь зогссоны улмаас тархи нь үхэжсэн байна. Одоо эмчилгээ хийгээд үр дүнд хүрэхгүй. Ямар ч эмчилгээгүй" гэсэн байна. Эсэн мэнд, эрүүл саруул төрүүлсэн үрээ аврах сүүлчийн найдвар хайн Бээжин хотын хүүхдийн эмнэлэгт эмчлүүлэх гэсэн ч "эмчилгээгүй” хэмээн буцаажээ. Ямар ч үнээр хамаагүй охиноо аврах гэсэн эцэг эх аргаа барахдаа Тайланд, Өмнөд Солонгост эмчлүүлэх арга зам олсон ч "биеийн байдал нь тэнцэхгүй" гээд онгоцонд суулгаагүй байна.
Бид эрүүл мэндийн салбарыг шүүмжилж, эмч нарын хариуцлага алдсан жишээ баримтыг бичихгүй биш бичиж, ярихгүй биш ярьдаг. Бас эмч, эмнэлгийн ажилтны буруутай үйлдлээс эрүүл мэнд, амь насаараа хохирсон гэх иргэд захаас аваад бий. Гэхдээ хуулийн байгууллагад хандан, цөхрөлтгүй явж, гэм буруутанд хариуцлага тооцуулсан нь ховор. Хэдийгээр Б.Одончимэг нөхөж барахгүй хохирол амссан ч түүнтэй адил олон ээж аав нүдэндээ нулимстай үлдэхвий гэсэндээ, тангараг өргөсөн эмч хүн хариуцлагатай, хүнлэг байгаасай гэсэндээ өдийг хүртэл явжээ. Энэ хэргийн талаар бид эргэн сурвалжлах болно.