Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал өнөөдөр 15.00 цагт Төрийн ордонд болно. Уг хурлаар цаг үеийн асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Эхнийх нь, орон нутгийн сонгуульд Ардчилсан нам амжилттай оролцсонтой холбогдуулан одоо нийслэлд албан ажлаар ирээд байгаа аймаг, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, Засаг дарга нартаа намын удирдлагууд баяр хүргэж, талархал илэрхийлэх аж. Мөн Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат УИХ-ын гишүүн болсноор генсекийн ажлаас чөлөөлөгдөж, Ц.Оюундарь ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа билээ. Тиймээс ҮЗХ-ны өнөөдрийн хуралдаанаар ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийг жинхэлж, Ц.Оюундарийг энэ албан тушаалд батламжлах юм байна. Өөрөөр хэлбэл албан ёсны программын дагуу бол энэ хоёр асуудлыг хэлэлцсэнээр ҮЗХ-ны хурал өндөрлөх ёстой. Гэвч Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүд хэзээний л яаж ийгээд намынхаа удирдлагуудад нэг “сюрприз” барьж чаддаг улс. Тиймээс хэлэлцэх асуудлыг жагсаалтад ороогүй өөр ямар асуудлыг заалнаас босгож ирээд манаргаж явахыг хэн мэдлээ.
Г.ДАРЬ