“Ану хатан” тэсрэлт хийлээ

Хуучирсан мэдээ: 2013.01.18-нд нийтлэгдсэн

“Ану хатан” тэсрэлт хийлээ

“Цаг хугацаа улиравч, цадиг түүх мөнх” гэсэн уриатай “Ану хатан” уран сайхны кино өнөөдөр нээлтээ хийн, үзэгчдийн хүртээл боллоо. Энэ бүтээл үзэгчдийг XVII зуунд эргэн аваачиж, түүхийн хуудсыг сөхөн хоёр цагийн турш баяр, гунигаар хөглөв.

Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Ану хатан” романыг уншиж байсан уншигчид “Ану хатан” драмын жүжгийг нь үзэж сонирхсон бол өнөөдөр дэлгэцийн бүтээлийг нь өлгийдөн авлаа. Их хүлээлт үүсгэсэн тэр бүтээл кино урлагт тэсрэлт хийлээ. Учир нь киноны нээлтийн дараа үзсэн хүн бүр жүжигчдийн гайхалтай тоглолт, киноны дуу, дүрс чанарын өндөр төвшинд бүтсэн бүтээл хэмээн ам сайтай байсан юм. Түүхэн бүтээл тэр тусмаа Монголын түүхнээ нэрээ мөнхөлсөн баатарлаг Ану хатны түүх ийнхүү өнөөдөр дэлгэцнээ мөнхөрч байна.

 “Ану хатан” киноны гол дүр Галдан бошигтыг тайзнаа амилуулсан жүжигчин М.Мягмартай киноны нээлтийн дараа уулзаж, сэтгэгдлийг нь сонсов. 

-Үзэгчдийнхээ хамт киногоо үзэх ямар санагдав?

-Хүмүүст яг ямар санагдаж байгаа  бол… Үнэн сэтгэлийн үгийг нь олж, шимтэж сонсмоор санагдаад, сэтгэл их хөдөлж байна. Анх дүрийнхээ саналыг аваад уншиж байсан зохиол маань сайхан уран бүтээл боллоо. Үзэгчдэдээ хүргэлээ. Одоо тэдний шүүлт биднийг шүүнэ шүү дээ.

-Жил зургаан сарын хугацааг нэг бүтээлд зориуллаа шүү дээ?

-Хоёр зууны ялгаа надад их сонин байлаа. Өглөө нь XXI зуунд сэрээд, өдөржингөө XVII зуунд амьдарч байлаа /инээв/. Жил зургааан сарын хугацаанд надад цаг хугацааны ялгаа  илүү их мэдрэгдсэн.

-Аль хэсгийн зураг авалт дээр хамгийн их сэтгэл догдолж байсан бол?

-Киноны төгсгөлийн хэсэгт тулаанд орох гээд гэр бүлийнхэнтэйгээ салах ёс хийдэг хэсэг юм байна.

Г.ДАША

Гэрэл зургуудыг ЭНД дарж үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж