Английн шигшээ болон “Челси”-гийн хагас хамгаалагч Фрэнк Лампард шинэ тивд хөлбөмбөгийн үрийг тарихаар шийджээ. Тэрээр Дэвид Бекхэмийн тоглож байсан “Лос-Анжелес Гэлакси” багт ирэх зун очих юм байна.
35 настай Лампард Лос-Анжелесийн багаас долоо хоногтоо 150 мянгаас лав дээш хэмжээний цалин авах юм байна. Фрэнк “Челси”-д үлдэхийг хүсч, бүр цалингаа бага зэрэг буулгахыг зөвшөөрнө гэдгээ мэдэгдсэн ч амжилт олоогүй ажээ. Тэрээр Лондоны багт 12 жилийн турш тоглосон. “Манчестер Юнайтед”, “Арсенал”, “Эвертон” зэрэг багууд түүнийг сонирхож байсан ч Америкт тоглохыг илүүд үзжээ.
“Гэрээг бараг тохирчихсон. Тиймээс ойрын хугацаанд нэгэн агуу хөлбөмбөгчийг багтаа авсан тухайгаа зарлаад сууж байвал би гайхахгүй. Лампард тэр хөлбөмбөгч ч байж болох юм. Ийм магадлал бий” гэж Лос-Анжелесийн багийн дасгалжуулагч Брюс Арена хэлсэн байна.
Эх сурвалж: www.NEW.mn