цом-30” наадмын хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэгээр Сэр-Одын нэрэмжит
шагналт, залуу яруу найрагч О.Цэнд-Аюушийг нэрлэхээс аргагүй. Өмнө нь
“Болор цом-26” наадамд яруу найрагч Б.Хасартай хүчтэй өрсөлдөн, ганц
онооны зөрүүгээр дэд байрт шалгарч байсан түүнийг энэ жилийн наадамд
дээгүүр давхина гэж итгэл хүлээлгэсэн хүн олон.
жилийн “Болор цом”-ын шилдэг тавд үлдэж, эцсийн шүүлтээр гуравдугаар
байр эзэлсэн О.Цэнд-Аюушийн шүлгээс сонирхуулъя. “Амьдралын зам” шүлгийг
тэрбээр наадмын эхэнд уншсан бол “Миний түмэн чанар” шүлгийг айргийн
тавд тунаж үлдэхдээ уяж сойсон юм. Уншигчид түүнийг “Яагаад вэ, орчлон”,
“Он солигдох”, “Тэнд л…” зэрэг бүтээлээс гадна “Никитон” хамтлагийн
“Үүлэн үст” дууны шүлгээр нь таних биз ээ.
Өнө эртнээс намайг хүлээсэн
Өндөрлөг газрын замаар алхаж байна би
Намайг жаргалд хүргэсэн
Намайг зовлонд унагасан энэ олон зам
Огт оргүйгээс оршихуй руу
Оршихуйгаас огт оргүй руу очсон байна
Хүүхэд насаа олох зам минь шаргал өнгөтэй байсан
Хүүхэд насаа орхих зам минь шаналан зовлонтой байсан
Хүн чанарыг олох зам минь манан будантай байсан
Хүн чанарыг орхих замд минь маргааш байхгүй байна
Хайрыг бүтээсэн зам минь өргөс чулуутай байсан
Хайрыг орхих зам минь өнө мөнх эзгүй байх болно
Анд нөхөддөө очих зам минь итгэл найдвараар дүүрэн байсан
Анд нөхдөө орхих зам минь гуниг ганцаардлаар цалгиж байна
Атаатан дайсандаа очих зам минь эр зоригоор дэвэрч байсан
Атаатан дайснаа үлдээх зам минь өршөөлийн хязгаараа эвдэж байна
Амраг бүсгүйдээ очих зам минь ер бусын байсан
Амраг бүсгүйгээ орхих зам минь ертөнцийн сүүлчийн зам байх болно
Үр хүүхдүүдээ олох зам минь инээд баяраар дүүрэн байсан
Үр хүүхдүүдээ орхих зам минь орчлонгийн жам байх болно
Хүсэлрүүгээ хүрэх зам минь үзүүргүй байсан
Хүслээсээ буцах замаа би үнэндээ олмооргүй байна
Бурханыг олох зам минь оргүй хоосон байсан
Бурханыг орхих замдаа би өөрийгөө олсон
Өөррүүгээ ирсэн зам минь хамгийн хол байсан
Өөрөөсөө буцах зам минь түүнээс ч хол байх байна
Энэхүү шүлгээ тэрээр “Болор цом-30” наадмын нэгийн даваанд уншсан бол доорх шүлгээ сүүлийн тавд үлдээд уншсан юм.
Өршөөл миний мөн чанар
Өршөөл миний үнэн чанар
Өвдөлт хийгээд зовлон дотор минь будда оршиж
Өөрийгөө анагаах эрдэмд сургасан юм
Үзэн ядалт миний худал чанар…
Үхэл миний хуурмаг чанар
Шаналан хийгээд ганьлан дотор минь бурхан багтаж
Шавийн ухаанд намайг сургасан юм
Үзэгдэх дүр минь миний хоосон чанар
Үзэгдэх дүр минь миний арилах чанар
Үүл хийгээд салхины оршил
Үүнийг надад хэлж өгсөн юм
Үйлдэл минь миний оргүй чанар…
Үлдэх мөргүй чанар
Цаг хугацааг элээсэн хүмүүс надад
Цас хайлдаг тухай хэлж өгсөн юм
Үг миний эрхэм чанар
Үг миний үнэн чанар
Үүрд явж байгаа хүн эцсийн мөчдөө
Үүнийг надад ухааруулсан юм…