тогтворжуулах хөтөлбөрийг улирал бүр дүгнэх болсонтой холбогдуулан үр
дүнгийн талаар Монголбанкны Валют эдийн засгийн газрын хэлтсийн захирал
Ц.Мөнхбаяраас тодрууллаа.
Тэгэхээр хөтөлбөр хэрэгжээд нэг улирал шахам боллоо? Яг тодорхой ямар үр дүнд хүрч байна вэ?
Засгийн
газраас хэрэгжүүлж буй хөтөлбөр үр дүнтэй байна. Нэгдүгээрт, сүүлийн
хоёр сарын хугацаанд улсын хэмжээнд шатахууны нийт нөөц 2 дахин, тэр
дундаа АИ-92 шатахууны нөөц 3.1 дахин нэмэгдлээ. Та санаж байгаа бол
2011 оны 5 дугаар сард шатахууны нөөц шавхагдан хомсдол үүсч, дизель
түлш л гэхэд литр тутамдаа 310 төгрөг хүртэл өсч байсан. Тэгэхлээр
гадаад үнэ өссөн хэдий ч, шатахуун биет хэмжээгээрээ хомсдолд ороогүй,
үнэ нь огцом өсөх эрсдэл буурсан гэсэн үг. Хоёрдугаарт, гадаад зах зээл
дээр үнэ өсөхөд түүнийг дотоодын жижиглэнгийн худалдааны үнэд биш, харин
бөөний худалдааны үнэд шингээдэг механизмд шилжиж эхэллээ. Тухайлбал
энэ сарын үнийг хөтөлбөр эхэлсэн өнгөрсөн оны 10 дугаар сарын эхэнтэй
харьцуулбал дизель түлшний импортын хилийн үнэ буюу гадаад үнэ 26%-иар
өсөөд байгаа бол дотоодын зах зээлд бөөний үнэ 28%-иар өсч, харин
жижиглэнгийн үнэ 6%-иар л нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, гаднаас авсан үнэ
литр тутамдаа 325 төгрөгөөр өссөн байхад жижиглэнгийн үнэ 1700-гаас 1800
болж 100 төгрөгөөр л өссөн байна.
-Таны хэлж байгаагаар бол
жижиглэнгийн шатахууны үнэд огцом өсөлт гараагүй нь үнэ тогтворжуулах
хөтөлбөрийн зорилт биелэлээ олж байна гэж ойлгож болох уу. Жишээ нь
миний хувьд л гэхэд шатахууны үнэ огт өөрчлөгдөхгүй гэж ойлгож байсан?
Мэдээж
хэрэг, гадаад үнэ өсөөд байхад түүнийг хүчээр барьж хуримтлуулж
байгаад, нөөцөө шавхаад дараа нь дийлэхгүй гэнэт 300, 400 төгрөгөөр
үнийг өсгөвөл өнгөрсөн оны 1 дүгээр сарын гашуун түүх давтагдана шүү
дээ. Тэгэхээр энэ хөтөлбөрийн зорилго нь нэгдүгээрт валютын ханшийн
өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдлийг бууруулах, хоёрдугаарт гадаад зах зээлийн
огцом өсөлтийг дотоодын эдийн засагт аль болох хохирол багатай,
алгуурхан шингээдэг байх механизмтай болох, гуравдугаарт Засгийн газар
нь өөрийн эзэмшлийн шатахуун нөөцлөх савтай болж, биетээр нөөц
бүрдүүлдэг, уг нөөцөөрөө жижиглэнгийн захын үнийг тогтворжуулдаг тэр
систем рүү шилжих явдал юм. Магадгүй, сүүлийн 2 сарын хугацаанд
ханш тогтвортой байснаар ханшийн эрсдэл өмнөх жилүүд шиг үүсээгүй,
Засгийн газар шатахууны татвараа өнгөрсөн оны эцэст эргэж сэргээхдээ дэд
хөтөлбөрөөр тохиролцсоны дагуу зөвхөн уул уурхайн салбарын хэрэглээний
импорт дээр нэмсэнтэй холбоотойгоор хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн
арга хэмжээний үр дүнг ард иргэд төдийлөн мэдрээгүй байж болох юм.
Гэтэл нөхцөл байдлыг бүхэлд нь авч үзвэл сүүлийн 2, 3 сарын гадаад үнийн
цочир өсөлт нь дотоодод шатахууны хомсдол үүсгээгүй, үнэ нь ард иргэдэд
харьцангуй дарамт багатай туссан шүү дээ. Өнгөрсөн оны эхэн үед нэг
хоногт шатахууны үнийг 250 төгрөгөөр нэмээд дээр нь шатахууны хомсдолтой
байсан бол өдгөө нэг сард шатахууны үнийг 50 төгрөгөөр хоёр удаа,
нийтдээ 100 төгрөгөөр алгуурхан нэмээд, шатахууны нөөцөө 2-3 дахин
нэмэгдүүлсэн байна. Энэ бол хөтөлбөрийн бодит үр дүн. Хэрэв хөтөлбөр
хэрэгжүүлээгүй бол нөхцөл байдал ноднингийн мөн үеэс ч муу байх
эрсдэлтэй байсан.
-Тэгвэл хөтөлбөрийн үр дүнгээ олон нийтэд хэрхэн хүргэх гэж байна вэ?
Засгийн
газраас хөтөлбөрийн хэрэгжилтийг улирал тутам дүгнэнэ. Тэгэхлээр энэ
сарын эцэст хөтөлбөрийн ололт амжилт болон дутагдалтай ямар зүйл байсныг
аль хэсгийг сайжруулах эрчимжүүлэх гэдэг асуудлыг зөвлөлдөж хөтөлбөрийн
үр дүн цаашдын төлөвлөгөөг олон нийтэд мэдээлэх юм.
-Тухайлбал яаж сайжруулах гэж байна?
Юуны
өмнө шатахууны худалдааг бөөний, жижиглэнгийн зах зээлээр нь хувааж
зохицуулалтыг нь салгах бодлогын ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгаа.
Ингэснээр шатахууны жижиглэнгийн зах зээлийн тоо мэдээлэл олон нийтэд ил
тод, хэрэгжүүлсэн бодлогын үр дүнг ч үнэлэхэд илүү хялбар болох юм. Мөн
хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг ил тод байлгаж, олон нийтэд
байнга мэдээлж, ард иргэдийн зүгээс тавих хяналтыг улам нэмэгдүүлэхийг
зорьж байна.
-Эцэст нь тодруулахад, Та яриандаа ханш тогтвортой байгаа талаар хэлсэн. Ханш цаашид ямар байх хандлагатай байна вэ?
-Өнгөрсөн
оны сүүлийн хагаст гадаад худалдааны нөхцөл муудаж, экспортын өсөлт
сааран эдийн засгаас цэвэр дүнгээрээ валют гадагшилж байсан. Ийм үед
Засгийн газар олон улсын зах зээлд үнэт цаас гаргаж эх үүсвэр бүрдүүлсэн
нь макро эдийн засгийн тогтвортой байдалд тун эерэг нөлөө үзүүлээд
байна. Жил бүрийн эхний сард бид ханшид огцом хэлбэлзэл үүсэх вий гэсэн
болгоомжлолтой байдаг байсан бол энэ онд ханш тогтвортой байх
хандлагатай байна. Нэмээд хэлэхэд шатахуун нь улс орны нийгэм, эдийн
засагт хүчтэй нөлөөлдөг стратегийн бүтээгдэхүүн учраас энэ хөтөлбөрийг
хэрэгжүүлэх нь зайлшгүй юм. Манай улс шатахууныг 100% импортоор авдаг,
91%-ийг нь зөвхөн ОХУ-аас авдаг, нийт импортын 22%-ийг эзэлдэг, төлбөрт
нь улсын валютын орлогынхоо 15%-ийг зарцуулдаг гэдэг хэдхэн тооноос л
харж болно. Түүнчлэн 269 орны хувьд хийсэн олон улсын судалгаанаас
үзэхэд, шатахууны импорт нь дотоодын нийт бүтээгдэхүүний 5-аас дээш
хувийг эзэлдэг байхад л макро эдийн засагт маш их нөлөөтэй, өндөр эрсдэл
дагуулж болзошгүй байдаг. Гэтэл манай улсын хувьд шатахуун нь дотоодын
нийт бүтээгдэхүүний 13%-ийг эзэлдэг гээд бодохоор хөтөлбөрийг
хэрэгжүүлэх бодит шаардлага байна.
БЛИЦ АСУУЛТ:
- Засгийн газраас импортлогч компанитай хамтран шатахууны үнийг тогтворжуулах хөтөлбөр урьд өмнө нь хэрэгжүүлж байсан уу?
- Тус хөтөлбөр байндаа хэр онож байна вэ?
П.Батхишиг ("Шунхлай" компанийн гүйцэтгэх захирал)
1.
Үгүй, анх удаагаа хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нь урьд өмнө
хийж байгаагүй шинэлэг ажил болсон. Үр дүнгээ ч өгч байна.
2. Манай
компани эхнээсээ хөтөлбөрт хамрагдсан. Хөтөлбөр хэрэгжсэнээр үнийг
тодорхой хэмжээнд тогтвортой байлгаж жижиглэнгийн шатахууны үнийг огцом
өсгөхгүй байх тал дээр хамтран ажиллаж байна.
Г.Магнай ("Магнай трэйд" компанийн захирал)
1.
Ийм өргөн хэмжээгээр бол хэрэгжиж байгаагүй болов уу. Хөтөлбөрийн
зорилго үнийг барих бус огцом хэлбэлзлээс хамгаалахад байгаа. Үүнийгээ ч
биелүүлж чадсан.
2. Хөтөлбөрийг дүгнэхэд одоохондоо эрт байна.
Гэсэн хэдий ч гадаад зах зээл дээр янз бүрийн шалтгаанаас болоод хилийн
үнэ огцом өсөж байгаа энэ үед Засгийн газраас хөтөлбөр хэрэгжүүлсэн нь
амжилттай явагдаж байна. Манайд жижиглэнгийн үнэ хилийн үнээс хямд
байгаа. Энэ нь импортлогч компаниудад алдагдалтай тусч байгаа хэдий ч
хамтарсан хөтөлбөрөө хүндэтгээд зохицуулаад л явж байна.
Р.Батбаяр ("Монпетекс" компанийн захирал)
1.
Анх удаагаа хэрэгжүүлж байна. Өмнө нь шаардлага байсан уу гэвэл байсан.
Гэсэн хэдий ч янз бүрийн шалтгаанаас болоод хэрэгждэггүй байсан. Харин
энэ засгийн үед хэрэгжүүлж эхэлсэн нь үнэхээр сайн хэрэг боллоо.
2.
Хөтөлбөр зорилгодоо хүрээд явж байгааг ганц л жишээн дээр тайлбарлая.
Өмнө нь уул уурхай гэх мэт томоохон газрууд авдаг бөөний шатахуун хямд
үнэтэй харин иргэдэд хүрч буй жижиглэнгийн шатахуун ы үнэ өндөр байсан
бол өнөөдөр эсрэгээрээ жижиглэн хямд, бөөн үнэтэй болсон байна.
О.Магнай (ШӨХТГ-ын дарга)
1.
Хөтөлбөр анх удаагаа хэрэгжиж байна. Энэ Засгийн газрын эхлүүлсэн
дэвшилттэй ажлуудын нэг гэж харж байгаа. Бид ч цаашид шатахууны
жижиглэнгийн үнийг тогтворжуулахад бүх талаар хамтран ажиллана.
2.
Хөтөлбөрийн үр дүнд нэлээд хэд хэдэн асуудлыг шийдэж чадлаа. Тухайлбал,
гадаад нөхцөл байдал хэдийгээр хүнд байгаа ч гэсэн шатахууны үнийг
харьцангуй тогтвортой байлгаж чадаж байна. Мөн түүнчлэн нийтийн тээврийн
компаниудад дизель түлшийг бөөний үнээр олгодог, бөөний үнэ
жижиглэнгийн үнээс илүү татвар өндөртэй үнэтэй байдаг учраас автобусны
мөнгийг нэмэгдүүлэхгүйн тулд нийтийн тээврийн үйлчилгээнд шатахууныг
жижиглэнгийн үнээр нийлүүлэх гэх мэт гарцуудыг ярилцаж байна.