Хуучирсан мэдээ: 2013.01.18-нд нийтлэгдсэн

Хүүхэд үү, архи уу ?

Уулын орой руу мацсаар байгаад навсайсан муу гэртэй энэ айлыг олж орсон. Дахиад л нүд хальтирмаар аймшигтай төрх … нялх балчир 5 хүүхэд … ширэлдсэн үс, хүйтэн гэр, хөглөрсөн хоосон бохир орчин … хүүхдүүд нь бүгдээрээ яасан ч хөөрхөн хэвлүүхэн юм, өгсөн жаахан бэлэг, хувцсыг минь хямгадаж далд хийгээд л, дуу дуулж шүлэг уншаад л. Ээж нь гээд нэг их сайхан ааштай эгч, гэтэл шал согтуу байсныг нь удахгүй мэдсэн, өөр бас нэг согтуу залуу босч ирэх ч үгүй орон дээрээ хэвтээд байхаар нь хэн юм бол гэсэн өрхийн тэргүүн нь байсан юм ажээ …

Энэ нийтлэлийг бичээд дуусгавал олон хүмүүсийн сэтгэл өвдөж, олон хүмүүс архичдыг харааж зүхэн, нийгэм төр засгийг муулан дор бүрээ үзэл бодлоо илэрхийлэх биз. Гэтэл тэр үнэндээ шийдэл биш юм билээ, яг өнөөгийн нийгэмд ийм харуусалтай, ийм гаслантай бодит үнэний өмнө залуусын зоригтой бөгөөд бодит үйлдэл, бүх хүмүүсийн гар бие оролцооноос өөр юу ч жулдах л юм билээ, ялгаагүй өөрийнх нь амьдрал ядуу хоосон байлаа ч хөршийнх нь хүүхэд хөлдөөд үхэх гэж байвал нэг ч гэсэн хувин нүүрс оруулаад өгчих хөрөнгө мөнгөний бус хүний сэтгэлгээ, хангалттай идэж уугаад өмсөж зүүгээд явж байгаа бол өөрийн гэх цагаасаа сайн дураараа хугаслан бусдын төлөө, хорвоо дээрхи хамгийн нандин цагаахан оршихуй болох хүүхдүүдийн төлөө, ирээдүйнхээ төлөө хариу нэхэж алдар харахгүйгээр тус хүргэх ухамсар байхгүй бол хичнээн like дарж share хийлээ гээд, хичнээн comment-оор үзэд бодлоо илэрхийллээ гээд бидний хоорондохи үзэл бодлын л маргаан болж үлдэхээс тэдний амьдралд тусах гэгээ байхгүй л юм билээ. Нэгэнт ойлгомжтой хар бараан зүйлийг улам харлуулан дүрсэлж, илүү анхаарал татаж, бусдын дунд шуугиан үүсгэх хүсэл надад байсангүй. Шинэ зүйл ч биш, содон зүйл ч биш ихэнхи хүний мэддэг өдөр тутмын амьдрал. Гэхдээ өнөөг хүртэл бид тэр хаалгыг хананы цаанаас сонсож, цоожны завсраар нэвшин орж ирсэн утаагаар нь л мэдэхээс биш өөрөө дотор нь орж, энэ их хар бараан утаан дотор яг юу байна гээд явж үзээгүй юм уу даа. Ай Монголчууд минь ! Энэ чинь 2 Солонгос биш шүү дээ, гэтэл Монголд улсад баян ядуугийн ялгаа, үнэн худлын зааг яг тэс ондоо 2 ертөнц шиг оршиж байна. Гэтэл бид зугтаж чадна гэж үү ? Энэ үнэхээр чинийх минийх гэж тусад нь салгах асуудал гэж үү ? Хичнээн олон эх 3,4 сартай хүүхдээ хэвлий дотроосоо алдлаа даа. Та нар гэр хороололд байдаг хүмүүсийг утаанд санаа зовдог гэж бодож байна уу ? Үгүй дээ тэдний ихэнхи нь өнөө маргаашийнхаа нүүрсэнд л санаа зовж байгаа. Юу тулгамдаж байна, тэр л зүйлдээ санаа зовдог. Танд юу тулгамдаж байна ? Цалин мөнгө үү, замын түгжрэл үү, хайр дурлал уу ? Бидэнд Монгол улсад, бидний ирээдүйд юу тулгамдаж байна вэ ? Төрийн бодлого уу, уул уурхайн хөгжил үү, утаа нүүрс үү ? Үгүй дээ, миний бодлоор СЭТГЭЛ болоод СЭТГЭЛГЭЭ л бидний хамгийн тулгамдсан асуудал болоод байна. Эрх барьж байгаа удирдагчдад ч сэтгэл алга, эгэл ард гээд явж байгаа хүмүүст ч сэтгэл алга. Биднийг эмчил, биднийг хамгаал, ядарсан хүмүүст өг гээд өгсөн мөнгийг минь өөрийнхөө халаасанд хийгээд баяжих сэтгэлгээ, халамж тусламж юм шүү гээд өгсөн мөнгийг нь шингэн хороор сольж орхидог ердөө нэг өдрийн цаадахыг ч харж чадаагүй ядуу сэтгэлгээ, нялх балчир үрээ өлсгөн уйлуулан байж өөрөө л гудрах мунхаг сэтгэлгээ, энэ бүхэн л бидний хувьд хамгийн том тулгамдсан асуудал болоод байна.

Хэн шийдэх вэ ? Төр үү ? Төрийн зөв бодлого уу ? Ингэж найдснаас л бүх зүйл эхэлсэн шүү дээ. Найдна гэдэг бол үл анзаарна гэсэн үг, тоохоо болино гэсэн үг, нэгэнт тоохоо болисон зүйл дээр луйвар хийх шиг амархан сайхан юм гэж юу байх вэ дээ ? Өгсөн юмныхаа араас огт хөөцөлддөггүй Монголчууд биш яасан баян улс вэ ? Баянаа эмээгийн 500 төгрөгөөр авч уусан нэг аяга цайнаас ч гэсэн татвар бодогддоггүй гэж үү ? Халаас руугаа гараа явуулах бүртээ татвар гэж зүйлийг бид төлдөггүй гэж үү ? Тэр мөнгө аль нэг газар хуримтлагдаад эргээд энэ зурган дээр байгаа хүүхэд шиг нялх амьтны сургалтын төлбөр, сургуулийн халаалт болж очих ёстой биш гэж үү ?

Асуудлыг бид өөрсдөө шийдэх ёстой, шаардлагыг олуулаа тавих хэрэгтэй. Ухаж төнхөн, буруу зөрүү булхайтай зүйл байвал түүнийг зоригтой илчлэх хэрэгтэй, шаардах эрхтэй, тэр хэмжээндээ өөрсдөө үлгэр жишээч байх хэрэгтэй, төр хийхгүй байсан ч бид түрүүлж хөдлөх хэрэгтэй ! Нэг л нийгэм учраас, энэ л нийгэм дээр хамтдаа амьдрах учраас, айлын хүүхэд ханиад хүрэхэд таны охинд ч гэсэн яаж ийгээд тусч л орхидог учраас, тэд том болоод гар гараасаа хөтлөлцөн амьдрал зохиож ч магадгүй учраас, үүнийг та хэзээ ч тааж чадахгүй болохоор бусдыг ядуу арчаагүй гэж түлхэлгүй, туслахгүй л юм бол амаа билүүдэж цэцэрхэхээ түр зогсоогоод, болохгүй байгаа нэгэндээ хүний сэтгэлээр хандаж хамтаараа хөгжицгөөе.

Чадраабалын Ганжавхлан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж