Бага хурлын нээлт дээр БНЭУ-ын Хүний нөөцийн хөгжлийн сайд Мангапати П.Ражу, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Пинак Р.Чакраварти нарын өндөр албаны хүмүүс байлцаж үг хэллээ. Энэтхэг Улс дэлхийн хамгийн том ардчилсан орны хувьд ардчиллын боловсрол хүний хөгжлийг урагшлуулах, ардчилсан инститцүүдийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирснийг сайн мэддэг. Тийм ч учраас монголчууд АОХН-ийг даргалахдаа ардчиллын боловсролыг тэргүүлэх чиглэлээ болгон сонгосныг дэмжиж, нягт хамтран ажилласан гэдгийг энэтхэгийн тал онцлон тэмдэглэж байв.
Тус бага хуралд манай бүс нутгийн 20 шахам орон, ЮНЕСКО, НҮБ-ын Ардчиллын сангийн төлөөлөгч нар ирж оролцож байна. Бага хурал 18-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд манай төлөөлөгчид ардчиллын боловсролыг сургалтын хөтөлбөрт тусгах агуулгыг тодорхойлсон баримт бичгийн талаар танилцуулга хийж, хэлэлцүүлэх юм. Энэ төслийг Канадын Засгийн газрын дэмжлэгтэйгээр хоёр талын хамтарсан мэргэжлийн баг гарч боловсруулсан билээ.
Хурлын нээлтийн үеэр Гадаад харилцааны сайд БНЭУ-ын Хүний нөөцийн хөгжлийн сайд Мангапати П.Ражутай уулзаж, бүс нутагт ардчиллын боловсролыг түгээн дэлгэрүүлэх, хоёр орны боловсролын салбарын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх асуудлаар санал бодлоо солилцов. Уулзалтын үеэр сайд Л.Болд Мэдээллийн технологийн сургалт, аутсорсингийн хамтарсан төв байгуулах төслийн ажлыг энэ оны нэгдүгээр улирлаас эхлүүлэхэд монголын тал бэлэн байгааг нотолж, манай улсын англи хэлний сургалтын чанарыг дээшлүүлэх, багш мэргэжилтнүүдийн багшлах ур чадвар, чадавхийг бэхжүүлэх чиглэлээр энэтхэгийн талтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.