2012 оны УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрогт нийтдээ 113983 сонгогч санал өгснөөс Л.Эрхэмбаяр 30659, Д.Сумъяабазар 28521 сонгогчийн санал авчээ. Энэхүү саналын тоог нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нар нь хүлээн зөвшөөрч, маргаагүй, харин нэр дэвшигчийн төлөө өгсөн саналын хувийг тооцож бодох аргачлалын тухайд маргасан байна. Өөрөөр хэлбэл, Л.Эрхэмбаяр нь сонгогчдын 28 ба түүнээс хувийн санал авсан тул УИХ-ын гишүүнээр тооцогдох болзол хангасан гэж үзсэн хэрэг.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 48.2 дахь хэсэгт “Тойргийн хороо нь санал өгсөн сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал авсан мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцно” гэж заасан. Иймээс нэр дэвшигчийн авсан саналыг санал өгсөн сонгогчдын тоотой /113983/ харьцуулах байдлаар саналын хувийг гаргах нь дээрх хуульд нийцэж байх тул нэр дэвшигч Л.Эрхэмбаярыг сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал авсан гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв байна гэж дүгнэжээ.
Харин анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн 2012 оны 43 дугаар тогтоол батлагдсан гэдгийг хүлээн зөвшөөрүүлэх, Улсын Их Хурлын гишүүний үнэмлэх олгох эрх зүйн харилцаа байгааг хүлээн зөвшөөрүүлэх тухай нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь буруу байх тул шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт өөрчлөлт оруулж, Улсын Их Хурлын гишүүний түр үнэмлэх олгох эрх зүйн харилцаа байгааг хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын Их Хурлын 26 дугаар тойрогт дахин санал хураалт явуулах Тойргийн хорооны 49 дүгээр тогтоол хүчинтэй байна гэж дүгнэсэн байна.