Монголчуудын оролцоог нэмсэн нь гадныхныг үргээх үү?

Хуучирсан мэдээ: 2013.01.18-нд нийтлэгдсэн

Монголчуудын оролцоог нэмсэн нь гадныхныг үргээх үү?

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулсан Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг Вlue Sky Tower-т боллоо. Хэлэлцүүлэгт мэргэжлийн байгууллагууд болон уул уурхай эрхлэгчид, иргэний нийгмийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон юм. Урьд нь хоёр ч удаа мэргэжлийнхнийг хамруулах хийсэн хэлэлцүүлгээс энэ удаагийнх төдийлөн ялгараагүй мэт боловч иргэний нийгмийн төлөөлөл түлхүү оролцсон харагдана лээ.

Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлт бүх монголчууд бүү хэл, гадаадынхны ч анхаарлыг татаж буй. Тийм учраас хууль боловсруулах ажлын хэсгийнхний боловсруулсан төслийн танилцуулга оролцогчдын сонирхлыг татаж байсан юм. 1994, 1997, 2006 оны хуулийн  алдаа, оноог нөхөж, ар араасаа урган гарч буй шинэ тутам харилцааг зохицуулахад анхаарлаа хандуулснаа хуулийн төсөл боловсруулагч нар хэлж байлаа. Өмнөх хуулийн мөрдөх явцад нэг иргэн, хуулийн этгээд хичнээн бол хичнээн лиценз эзэмших болсноос үүдэн лицензийн наймаа газар авсныг ажлын хэсгийн гишүүн Д.Бат-Эрдэнэ хэлсэн. Бүр 200 тусгай зөвшөөрлийг нэг хүний нэр дээр олгосон жишээ бий гэнэ. Түүнчлэн нэг тусгай зөвшөөрлийг хэд хэдэн хэсэг болгон арилжаалж байгаагаас хэсэгчлэн шилжүүлэхийг хориглох заалтыг багтаажээ. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нь хайгуулын, ашиглалтын гэсэн хоёр ангилалтай байсан бол энэ удаа тус бүр хоёр ангилалтай болох аж. Хайгуулын тусгай зөвшөөрлийг эрлийн болон хайгуулын гэж хоёр ангилна. Хайгуулын лиценз авсан хүмүүсийн олонх нь  хайгуул хийлгүй хав дарчихаад үнэд орохыг нь хүлээн суудаг жишгийг халж, эрлийн тусгай зөвшөөрлийн хугацааг дөрвөн жил, хайгуулынхыг 5-9 жил байхаар төсөлд заасан байна. Ингэснээр заасан хугацаанд ажлаа эхлээгүй бол бол лиценз дахин сунгагдахгүй гэдгийг онцолж байлаа. Мөн талбайн хэмжээг хязгаарлаж, эрлийнх 150-25000 га, хайгуулынх 25-12000 га байхаар тусгасан байх юм. Харин ашиглалтын лиценз нь олборлолт, боловсруулалтын гэсэн хоёр үе шаттай болох ажээ. Ашиглалт гэдэгт олборлох, боловсруулах, борлуулах, тээвэрлэх бүхий л үйл явцыг хамруулан ойлгож байсан бол хойшид ялгамжтай болно гэсэн үг юм.

Ашигт малтмалын газрын уул уурхайн хэлтсийн дарга Ц.Даваацэрэн хуулийн төслийн талаар хэлэхдээ “Байгалийн хишиг бол зөвхөн өнөөгийн Монголынх биш. Хариуцлагатай уул уурхай гэсэн үгнээс бол харин татгалзах цаг болсон. Уул уурхай гэдэг өөрөө хариуцлага. Гэтэл хариуцлагатай уул уурхай гэдэг үгнээс болж хариуцлагагүй байж болно гэсэн буруу зуршил түгээд байна. Энэхүү хууль батлагдсанаар монголчууд баялагтаа жинхэнэ утгаар нь эзэн байх боломжийг бүрдүүлнэ. Бид алийн болгон ажилчны байр суурьтай байх юм бэ” гэсэн юм. Түүнчлэн хуулийн төслөөс хүмүүсийн анхаарлыг татаж буй бас нэгэн асуудал роялти буюу нөөц ашигласны төлбөр юм. Уул уурхайн салбарынхны дургүйцлийг ихээр төрүүлж буй энэ асуудлыг төсөл боловсруулагч нар “Байгалийн баялаг бол газрын хэвлийд байхдаа ард түмний өмч, гаргаж авсны дараа хамтын өмч. Харин нөөц ашигласны төлбөр төлсний дараа сая хувийн өмч болно” гэж тайлбарласан. Ц.Даваасүрэнгийн хэлсэнчлэн энэ хуульд монголчуудын оролцоо, үндэсний компанийг чухалчлахдаа ямар бүсэд уул уурхай эрхлэж байгаагаас шалтгаалан эзэмших хувийг хуульчлан заасан байна. Монгол Улсын хилийн бүсэд л гэхэд монгол хүн, үндэсний компани дүрмийн сангийн 75-аас доошгүй хувийг эзэмшдэг байхаар заасан байна. Энэ мэт заалт гадаадын хөрөнгө оруулалтыг хумих аюултай гэж хэлэх хүн ч бас таарсан.

Түүнчлэн эрж, хайж, олборлож, боловсруулж болно гагцхүү байгаль орчныг нь нөхөн сэргээдэг байх ёстой гэсэн хатуу зарчмыг Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгад оруулжээ.

Д.ЦЭЭПИЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж