Япон теннисчин шуугиан тариад байна

Хуучирсан мэдээ: 2013.01.18-нд нийтлэгдсэн

Япон теннисчин шуугиан тариад байна

101 дэх жилдээ зохион байгуулагдаж буй (1905 оноос эхтэй) “Австралийн нээлттэй тэмцээн” Мельбурн хотноо энэ өдрүүдэд үргэлжиж байна. Тус тэмцээний эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлийн гуравдугаар тойргийн тоглолтууд эхлээд байна.

Эмэгтэйчүүдийн эхний дуулианыг цагаан хуудсаар оролцож буй Испаний Карла Суарес өнгөрсөн жилийн "Францын нээлттэй тэмцээн"-нд түрүүлж байсан Италийн Сара Эрранийг 6:4, 6:4-өөр буулган авч, эхний дуулианыг тариад байсан бол түүний араас Япон теннисчин Кимико Датэ Крумм тодроод байна.

Өдгөө 42 настай, Арлын орны теннисчин Кимико Датэ Крумм эхний тойрогт тус тэмцээний 12-т эрэмбэлэгдсэн ОХУ-ын Надия Петроваг 6:2, 6:0, хоёрдугаар тойрогт Израилийн Шахар Пээрийг 6:2, 7:5-аар буулган авч гуравдугаар тойрогт Сербийн Йовановскитэй учраа таарчээ. Өдгөө 42 настай Кимико Датэ Круммгийн хувьд WTA-н 100-д бичигдэж байна. Мэргэжлийн теннисний карьераа 1989 онд эхэлж байсан тэрбээр “Их дуулга”-ын хамгийн өндөр амжилтаа 1996 оны “Уимбльдон”-ы хагас шигшээд хүрсэн амжилттай үдэж байжээ. Мөн тухайн жилдээ WTA-н дөрөв хүртэл дэвшиж байсан байна. 1996 онд зодог тайлж байсан ч 2009 онд теннисдээ эргэн ирж тухайн жилдээ “Hansol Korea Open”-д түрүүлж, бас шуугиан тарьж байсан бол тэрбээр өдгөө Мельбурны кортон дээр харих болоогүй гэдгээ харуулсаар байна.

Эмэгтэйчүүдийн гуравдугаар тойргийн тоглолтууд өчигдрөөс эхлээд байна. Польшийн Агнешка Радваньска (4) Сербийн Анна Иваннович (13),  Хятадын Ли На (6), Германы Жулия Гёргес (18) нар учраагаа буулган авснаар дөрөвдүгээр тойрогт оноолт таараад байна. Мөн тус тэмцээний тавд эрэмбэлэгдсэн Германы Анжелья Кербер (5), ОХУ-ын Екатерина Макарова (19) нарын шилдэгүүд ч дараагийн тойрогт шалгарч, учраа таарлаа. Энэ хэсгийн хамгийн сонирхолтой тоглолт ОХУ-ын Мария Шарапова, АНУ-ын Винус Уильямс нарын шилдэгүүдийн хооронд өрнөх бөгөөд тус хоёр теннисчин есөн удаа таарч тоглоход Маша дөрвөн удаа ялалт байгуулж байжээ.

Эрэгтэйчүүдийн хувьд хамгийн түрүүнд дэлхийн манлай теннисчин Сербийн Новак Жокович, Японы Кей Нишикори (16), Испанийн Николас Альмагро (10) нарын шилдэгүүд дөрөвдүгээр тойрогт шалгараад байна. 

Ч.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж