Д.Батбаярыг чөлөөлж, Т.Хадхүүг томиллоо

Хуучирсан мэдээ: 2013.01.18-нд нийтлэгдсэн

Д.Батбаярыг чөлөөлж, Т.Хадхүүг томиллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэн ёсоор болголоо. Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Батбаяр нь тэтгэврийн насанд хүрсэн тул ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг гаргасан юм байна. Тиймээс гишүүд эл асуудлыг хэлэлцээд 57.7 хувийн саналаар дэмжин, чөлөөллөө. Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Батбаярыг чөлөөлснөөр орны хүнийг нь томилох шаардлагатай болсон бөгөөд Т.Хадхүүг томилуулах хүсэлтийг Засгийн газраас гаргасан байна. УИХ-ын чуулганд оролцсон гишүүдийн 74.1 хувь нь Т.Хадхүүг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилохыг зөвшөөрч энэхүү асуудал шийдэгдлээ.

Т.Хадхүү нь 1956 онд Улаанбаатар хотод мэндэлсэн, 1975-1981 онд ЗХУ-ын Москва хотын Олон улсын харилцааны дээд сургууль, 2004-2007 онд Лондонгийн Удирдлага, мэдээллийн технологийн сургууль төгссөн, олон улсын эрх зүйч мэргэжилтэй. Тэрбээр 1981-1990 онд Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, 1990-1991 онд Улсын Бага Хурлын Эдийн засгийн байнгын хорооны ажилтан, 1991-1993 онд Худалдаа хөгжлийн банкны Зах зээл мэдээллийн хэлтэст мэргэжилтэн, 1993-1994 онд Монгол шуудан банкны Тамгын газрын захирал, 1994-1995 онд “Инвест Сервис” ХХК-ийн захирал, 1995-1996 онд Шинжлэх ухаан, боловсролын яамны Гадаад харилцааны хэлтэст мэргэжилтэн, 2001-2003 онд Улсын татварын ерөнхий газарт байцаагч, 2008-2011 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт албаны дарга, 2011 оны арванхоёрдугаар сараас 2012 оны арванхоёрдугаар сар хүртэл Гурван талт Үндэсний хорооны ахлах зөвлөхөөр тус тус ажилласан юм байна.

Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан завсарлаад байна. Үдээс хойшхи чуулганы нэгдсэн хуралдаан 15.00 цагаас эхэлж, Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдлын талаар Е­рөнхий сайдын мэдээллийг сонсох аж. Цаг гарвал бусад асуудлыг хэлэлцэнэ гэдгээ УИХ-ын чуулганыг завсарлуулахын өмнө УИХ-ын дарга гишүүдэд санууллаа.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж