Хуучирсан мэдээ: 2010.05.23-нд нийтлэгдсэн

Буяны ном хурна

Билгийн тооллын зуны эхэн сарын шинийн 15-нд Бурхан багшийн мэндэлсэн, төгс гэгээрэлд хүрсэн, нярваан дүрийг үзүүлсэн гурван онцгой үйл явдал давхацсан их дүйчэн өдөр тохиох бөлгөө. Бурханы шашинт орнууд эл өдрийг эртнээс жил бүр тэмдэглэж ирсэн уламжлалтай. 1999 онд НҮБ Бурхан багшийн дүйчэн өдрийг дэлхий даяар тэмдэглэж байхыг тунхаглан зөвшөөрсөн шийдвэр гаргасан бөгөөд 2001 онд анх дэлхий даяар өргөн дэлгэр тэмдэглэсэн билээ.

Бурхан багшийн их дүйчэн өдөр энэ сарын 27-нд буюу ирэх пүрэв гаригт тохиож буй бөгөөд эл өдөр “Гармаба” хийдийн тэргүүн, гэвш Д.Тайвансайхан тэргүүтэй хуваргууд Соёлын төв өргөөнөө сүсэгтэн олондоо зориулж буяны ном хурах аж.

“Бурхан багшаа дуулъя” нэртэй энэхүү ном, буяны арга хэмжээний үеэр Бурхан багшийн магтаал, Гүсүнтүгийн мандал, Буян хишгийн даллага, Жанлавцогзол номыг монгол хэлээр урин залахын зэрэгцээ Өлзий хутгийн хурыг буулгагч сан, Хийморийн сан, Дөрвөн уулын сан, 4800 бузрыг арилгагч сан, хараал жатгыг хариулагч Дамдин бурханы даатгал сан зэрэг 759 жилийн тэртээгээс уншиж ирсэн ховор номыг уншин өргөл өргөх юм байна.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж