Ер нь хохирогчид болох 14 хүн яагаад М.Ерөөлтөд итгэх болов. Яагаад гэвэл М.Ерөөлт багын бүхий л дотнын гэж хэлж болох эргэн тойрны найз нөхөд гэх мэтээр өөрийг нь сайн мэддэг хүмүүсийг онилсон. Хоёрдугаарт, тэд “Бридж Ко” нэртэй хулхи компани байгуулсан нь бусдад итгэл үнэмшлийг төрүүлж чадсан аж. Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс уг хэргийг шалгаад шүүх рүү саяхан шилжүүлсэн онц ноцтой энэ хэрэгт одоогийн байдлаар Отгонжаргал, Ерөөлт нар яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа юм. Харин Отгонбаяр гэрчээр оролцож байгаа ажээ. Уг нь залилангийн эх үүсвэр болсон “Бридж Ко” хуурамч компани Отгонбаярын нэр дээр төдийгүй уг компанийн тамга тэмдгийг ашиглаж хүмүүсийг залилсан аж. Гэвч цагдаа, прокуророос үзэхдээ Отгонбаярыг буруугүй болгож, гэрчээр татсан нь хохирогчдын гайхшралыг төрүүлж байгаа юм. Хэдийгээр М.Ерөөлт яллагдагчаар татагдсан буй ч цагдаагийн мэдүүлэгтээ “Отгонжаргалын хууль бус үйлдлийг ерөөсөө мэддэггүй байсан” гэж хэргээс мултрах хандлагыг үзүүлж байгаа гэнэ. Одоо Баянгол дүүргийн шүүхээс шударга шийдвэр гарахыг хохирогчид нь хүлээж байна. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас ирж суух вэ гэдэгчлэн М.Ерөөлт мөнгөтэй байхуйц хүмүүсийг онилон өөрсдийгөө гаалийн ажилтан, геологич зэргээр худлаа танилцуулж явжээ. Тэд залилан хийхдээ бусад хүмүүст итгэл үнэмшил төрүүлэхийн тулд ченжээс автомашин худалдан авч тэрийгээ гаалиас авсан мэтээр бусдад ойлгуулж харагдуулдаг байсан байна. М.Ерөөлт гааль дээр очиж ченжээс авсан автомашиныгаа гаалиас авсан мэт харагдуулж, унаж үзүүлэх зэргээр жүжиг тавьж байсан нь хохирогч нарын мэдүүлгээс харагдаж байгаа юм. Хохирогчдын мэдүүлгээс үзэхэд М.Ерөөлттэй олон жилийн өмнөөс таньдаг, найз нөхөд болохоор итгээд мөнгөө өгчихсөн. Бэлэн мөнгө байхгүй учраас орон сууцаа барьцаанд тавьж зээл авч өгсөн нь бий. Өнөөдөр залилагч нараас болоод орох оронгүй болсон айл өрх олон бий” гэдгийг өгүүлж байна. Ингээд одоогоор тогтоогдоод байгаа хохирогч нарын зарим нэрсийг нь жагсаая.
- Хохирогч Т. Ланд 100 маркийн автомашиныг 13 сая төгрөгөөр гаалиас авч өгнө гэж залилсан.
- Хохирогч Ч. Гаалиас хямдхан автомашиныг авч өгнө хэмээн 7.2 сая төгрөг залилсан.
- Хохирогч Б. “Санта Фей” хоёр ширхэг автомашиныг зарж өгнө гэж хуурч аваад барьцаанд тавьсан. Хохирол нь 56 сая төгрөг.
- Хохирогч Л. Оюу толгойд машин механизмын дугуй нийлүүлэх тендерт ялуулж өгнө гэж 66 сая төгрөг авсан. Мөн гаалиас хямд автомашин авч өгнө хэмээн 28 сая төгрөг залилсан.
- Хохирогч Б. Гаалиас хямд автомашин авч өгнө хэмээн 38 сая төгрөг залилсан гэх мэтээр олон иргэдийг хохироосон байна. Эдгээр хохирогчдын дийлэнх нь М.Ерөөлтийн багын найзууд байсан аж.
Эх сурвалж:"НИЙСЛЭЛ ТАЙМС" сонин