УИХ-ын чуулганы хуралдаан өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2013.01.17-нд нийтлэгдсэн

УИХ-ын чуулганы хуралдаан өндөрлөлөө

УИХ-ын чуулганы хуралдаан Газрын тухай болон дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хууль санаачлагчдаас гишүүд  уг хуулийн төслүүдийн талаар тодруулан хариулт авч, санал бодлоо хэлж байсан.

УИХ-ын гишүүн Н.Энхболд “Хууль боловсруулах гол үзэл баримтлал гэж байдаг. АН-ынхан цөөнх байх үедээ хүний эрхийн асуудлыг эрхэмлэдэг, төрд өөрийн сонирхол байх ёсгүй гэж ярьдаг байсан. Энэ хуулийг үзэл баримтлал талаас нь хараад үзвэл төрийн оролцоо байхгүй болдог юм байна, зарим зүйлийг хүчээр хийхгүй бол болдоггүй юм байна гэдгийг төр бариад ойлгож байгаа юм байна” гэж онцлон хэлсэн.

Д.Арвин гишүүн “Монгол Улсын иргэн бүр газар эзэмшүүлэх хуулийн төслөө хамтад нь оруулж ирэх боломж байгаагүй юм уу. Нийслэлийн олонхи иргэнд  газар өмчлөх эрхийг нь өгөөгүй байгаа. Газар өмчлөх хуулийг хаврын чуулганы хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй байх.  Мөн бэлчээр эзэмшүүлэх тухай хуулийг өөр байдлаар оруулж ирэх нь зүйтэй. Гэтэл малчдын бэлчээрийг эзэмшүүлээд ирэхээр манай газарт малаа хариуллаа, танай газар гэх мэтээр маргаан үүснэ.  Тиймээс бэлчээрийн тухай хуулийг тусад нь оруулж ирэх нь зүйтэй байх” гэсэн саналыг дэвшүүлсэн. Эдгээр асуудлыг хууль санаачлагчид хэлэлцүүлгийн явцад  анхааралдаа авахаа илэрхийллээ.

УИХ-ын гишүүд асуулт асууж дууссанаар УИХ-ын чуулганы хуралдаан өндөрлөлөө. УИХ-ын чуулганы хуралдаан маргааш 10.00 цагт үргэлжилнэ.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж