Дахиад 22 хүн өлсгөлөн зарлана гэв

Хуучирсан мэдээ: 2013.01.17-нд нийтлэгдсэн

Дахиад 22 хүн өлсгөлөн зарлана гэв

Шүүхээс 2,6 жилийн ял сонсон хорих 441 дүгээр ангид ял эдлэж байгаа Н.Энхбаярыг суллах, Хоёрдугаар эмнэлэгт яаралтай шилжүүлэн эмчлүүлэхийг шаардан МАХН-ын байранд намын гишүүн, дэмжигчид  болох 11 эмэгтэй нойтон өлсгөлөн зарлаад байгаа. Хэдийгээр Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эмч суурь өвчний улмаас өлсгөлөн зарлах боломжгүй хэмээн зөвшөөрөөгүй ч энэ сарын 9-нээс эхлэн таван эмэгтэй өлсгөлөн зарласан.

Өлсгөлөн зарлаад байгаа Орхон аймгийн иргэн Г.Шархүү “Одоогийн байдлаар бид өлсгөлөн зарлаад 210 гаруй цаг болж байна. Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар бидний биеийн байдлыг байнга үзэж, хянаж байгаа.  Анх өлсгөлөн зарласан таван ээжийн бие нилээн хүндхэн байгаа, хоёрын маань биеийн байдал муудан эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байсан. Гэвч биднийг хуурай өлсгөлөн зарлах гэж байна гэж дуулаад буцаад хүрээд ирсэн. Саяхан Хууль зүйн сайд Х.Тэмүүжин онц хүнд, хүнд гэмт хэрэгтэй хүмүүжигчдийг шаардлагатай тохиолдолд гуравдугаар шатлалын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шийдвэр гаргасанд их талархаж байна. Тиймээс бид даргыгаа Хоёрдугаар эмнэлэг рүү шилжин эмчлүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Мөн өлсгөлөн зарлагчид “Хэрэв Н.Энхбаярыг эмнэлэгт шилжүүлэхгүй бол энэ оройдоо 22 эмэгтэй нэмж өлсгөлөн зарлаж, бид бүгд хуурай өлсгөлөнд шилжинэ” гэж мэдэгдэж байсан юм.

Хууль зүйн сайдын гаргасан шинэ шийдвэрийн дагуу Н.Энхбаярыг гуравдугаар шатлалын эмнэлэгт шилжүүлэх эсэхийг ШШГЕГ-ын эх сурвалжаас тодруулахад “Н.Энхбаяр авлигын хэрэгт холбоотой болох нь тогтоогдсон тул хүнд гэмт хэрэгтэн нь үнэн. Гэхдээ гуравдугаар шатлалын эмнэлэгт шилжин эмчлүүлэх  хүнд өвчтөн биш. Хорихын эмнэлэгт эмчлэх бүрэн боломжтой тул шилжүүлэхгүй”  гэв.

Ямартай ч Н.Энхбаярыг Хоёрдугаар эмнэлэгт шилжүүлэхгүй нь тодорхой болсон тул цаашид өөрсдөө “Монгол эхчүүдийн улс төрийн өлсгөлөн” гэж нэрлээд байгаа энэхүү тэмцэл цаашид хэрхэн үргэлжлэх нь олны анхаарлыг татсан хэвээр үлдэх юм байна. Мөн өлсгөлөн зарлагчдын хажууд улс төрийн суулт зарлаад байгаа гэх 56 эмэгтэй “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын  үүдэнд лоозо барьж очин, "Улс төрийн хэлмэгдүүлэтийг зогсоож Н.Энхбаярыг Улсын хоёрдугаар эмнэлэгт эмчлүүлэх, цагаатган суллахыг шаардаад тарсан байна.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж