“Рио Тинто” гүйцэтгэх захирлаа огцруулав

Хуучирсан мэдээ: 2013.01.17-нд нийтлэгдсэн

“Рио Тинто” гүйцэтгэх захирлаа огцруулав

Дэлхийн уул уурхайн хоёр дахь том аварга “Рио Тинто” группийн гүйцэтгэх захирал Том Албаниз компанийн уул уурхайн томоохон төслүүд дээр 14 тэрбум ам.долларын алдагдал хүлээсний төлөө албан тушаалаа өгчээ.
Дээрх алдагдлын 10-11 тэрбум нь “Rio Tinto Alcan”, “Pacific Aluminium”, гурван тэрбум нь Мозамбик дэх” Riversdale Mining” компанийн нүүрсний орд дээр гарчээ.

Компанийн албан ёсны сайтад бичсэнээр гүйцэтгэх захирал Том Албанизийн оронд тус группийн төмрийн хүдрийн салбарыг хариуцсан захирал Сэм Уолшийг даруй томилох гэнэ.

“Рио Тинто”-д амьдралынхаа 30 шахам жилийг зориулсан Том Албаниз 2007 онд “Alcan”-ыг худалдаж авснаас хойш группийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан юм.

Гэвч компанийн удирдлага өөрчлөгдөж буй энэ үед хувьцаа эзэмшигчдийн дунд хэл ам гарахаас сэргийлж Том Албаниз ирэх долдугаар сар хүртэл компанидаа ажиллана гэж тус сайтад бичжээ. Мөн энэ хугацаанд түүнд үндсэн цалинг хэвээр олгохоос гадна тэтгэвэр олгож байх юм байна.

“Рио Тинто” гүйцэтгэх захирал Том Албанизаас гадна Мозамбикийн нүүрсний төслийг удирдаж байсан Даг Ричиг мөн ажлаас нь халжээ.

“Рио Тинто” групп өнгөрсөн арваннэгдүгээр сарын 29-нд хувьцаа эзэмшигчиддээ тус компани хөнгөн цагааны төслүүдээс ихээхэн ашиг олно хэмээн амлаж байсан ч  хөнгөн цагаан, эрчим хүч, материалын өртөгт 14 тэрбумын алдагдал хүлээсэн юм.

Том Албанизийг албан тушаалаас огцруулах мэдэгдлээс ердөө хоёр хоногийн өмнө тус групп төмрийн хүдрийн олборлолт нь санхүүгийн дөрөв дэх улиралд 52 сая тоннд хүрнэ хэмээн мэдэгдэж байсан юм. Учир нь төмрийн хүдрийн үнэ есдүгээр сараас хойш сэргэж, 15 сарын хамгийн дээд үнэд хүрснээс “Рио Тинто” Австрали, бүр дэлхийн хүдрийн хамгийн том олборлогч Бразилийн “Vale”-д өргөн хүрээтэй төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн аж.

Захирлуудын халаа сэлгээний дараа “Рио Тинто”-гийн хувьцаа пүрэв гаригийн өглөө Лондонгийн бирж дээр 4.56 хувиар буурч, 3,303.0 пенс болсон байна.

Орчуулсан Н.ЭНХ

Эх сурвалж: www.ibtimes.co.uk

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж