ЭМЯ, БХЯ хамтарч ажиллана

Хуучирсан мэдээ: 2013.01.17-нд нийтлэгдсэн

ЭМЯ, БХЯ хамтарч ажиллана

Эрүүл мэндийн яам, Батлан хамгаалах яам хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ өнөөдөр Төрийн ордонд боллоо. Талуудыг төлөөлж Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Н.Удвал болон Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ нар гарын үсэг зурсан байна. 

Энэхүү Санамж бичгийн зорилго нь Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хамгийн чанартай эрүүл мэндийн оношлогоо, эмчилгээ, үйлчилгээ авах боломжийг иргэн бүрт олгох эрүүл мэндийн салбарын үндсэн зорилтыг хэрэгжүүлэхэд Талуудын хамтран ажиллах зарчим, чиглэлийг тодорхойлоход оршиж байгаа юм.

Батлан хамгаалах салбар дахь Зэвсэгт хүчний клиникийн төв госпиталь нь эрүүл мэндийн салбарын эмнэлгийн тусламж үйлчилгээний ачааллаа сүүрэлцэн НҮБ-ын энхийг сахиулах болон бусад ажиллагаанд гүйцэтгэж буй үүргээрээ хоёр салбарын нэр хүндийг Олон улсын тавцанд өндөрт өргөж явдаг.

Энэхүү хамтын ажиллагаа нь эрүүл мэндийн салбарын тусламж, үйлчилгээ, цэргийн эмнэлгийн тусламж, үйлчилгээг хөгжүүлэх, тулгамдаж буй асуудлыг оновчтой шийдвэрлэхэд чиглэж, оношлогоо, эмчилгээний шинэ технологи нэвтрүүлэхэд харилцан дэмжлэг үзүүлж, хамтын ажиллагаанд хамаарал бүхий чиглэлээр зохион байгуулж байгаа гадаад, дотоод арга хэмжээ, сургалт, семинар, Олон улсын хурал, зөвлөгөөнд харилцан төлөөлөл оролцуулахад чиглэж байна.

Түүнчлэн Цэргийн эмнэлгийнт усламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, улсын хэмжээний төв эмнэлгүүдийн стандарт түвшинд хүргэх төлөвлөлт, үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх, иргэний болон цэргийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор болзошгүй гамшиг, осол, гэмтлийн тусламж, үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хамтран ажиллаж, харилцан дэмжлэг үзүүлэх аж.

Мөн Засгийн газраас дэвшүүлсэн нийгмийн бүхий л салбарыг хамрах цогц шинэчлэлийн зорилтуудыг батлан хамгаалах болон эрүүл мэндийн салбарт оновчтой хэрэгжүүлэх, эрүүл мэнд, эрүүл аж төрөх ёсны талаарх мэдлэг, мэдээллийг өсвөр залуу үе, ялангуяа цэргийн насны залуучуудад түгээж, зөв дадал төлөвшүүлэх, иргэн-цэргийн харилцаа, хамтын ажиллагааг эрүүл мэндийн салбарт өргөжүүлэн хөгжүүлэх зэрэг тодорхой чиглэлээр хамтран ажиллахаар энэхүү Санамж бичгийг үйлдсэн байна.

Эрүүл чийрэг монгол иргэд нь Монгол Улсын үнэт баялаг, үндэсний аюулгүй байдлын баталгаа бөгөөд улс орныг батлан хамгаалах нөөц чадавх болдгийг Санамж бичигт цохон тэмдэглэжээ.

Санамж бичиг таван жилийн хугацаатай бөгөөд Талууд жилдээ 2 удаа харилцан зөвлөлдөж, төлөвлөгөөний биелэлтийг харилцан мэдээлж, хэрэгжилтийг хангах арга хэмжээний талаар шийдвэр гаргах ба үр дүнг жил бүр дүгнэн хамтын ажиллагааны цаашдын чиглэлүүдийг тодорхойлж байхаар болов.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж