УИХ барилгын салбарын талаар хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2013.01.17-нд нийтлэгдсэн

УИХ барилгын салбарын талаар хэлэлцэж байна

УИХ-ын үдээс хойшхи чуулганы хуралдаан үргэлжилж,  “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах болон барилгын салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.  Энэхүү тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан, О.Баасанхүү, Ж.Батсуурь нарын долоон хүн УИХ-ын даргын захирамжийн дагуу оруулж ирсэн юм.

Ц.Оюунбаатар гишүүн “Цагаа олсон чухал асуудал хөндсөн байна. Гэхдээ бодит шалтгааныг хөндөж чадсан уу. Газрын бизнес, барилгын салбар дахь хүнд суртал их бий. Үүн дээр ямар чиглэл өгсөн, Барилгын мэргэжлийн холбоод өнөөдөр ямар байгаа вэ. Хараат бус байж чадсан уу” гэдгийг тодруулсан. Үүнд Ж.Батзандан гишүүн “Ер нь байдал дээр шалгаад явахад аюулгүй байдлыг голчлон инженер нь хариуцаж байдаг. Уг нт Хөдөлмөр аюулгүй байдлыг мэргэшсэн хүн хариуцах ёстой. Мэргэжлийн холбоодоос хамааралтай хүнийг бий болгох хэрэгтэй болжээ. Нийтийн эзэмшлийн газрыг булааж авсан зүйл байгаа. Тиймээс ажлын хэсэг байгуулж оруулж ирсэн зүйл бий” гэсэн билээ. Харин Л.Эрдэнэчимэг гишүүн “Энэ асуудлыг есдүгээр сараас ярьж эхэлсэн. 12 настай охин барилгын кранд даруулж, 21 настай залуугийн дээрээс төмөр унаж амь насыг нь авч явсан. Нэгдсэн III эмнэлгийн дэргэдэх барилгыг хууль бусаар барьж байсныг шалгаад зогсоосон бол амь насаа алдахгүй байсан. Төрийн албан хаагчийг төр сонгон шалгаруулж ажиллуулдаг. Гэтэл тэд ажлаа хангалттай хийгээгүй учраас ийм тохиолдолд хариуцлага оногдуулдаг, нөхөн олговор өгдөг байх хэрэгтэй. Үүнийг энэхүү тогтоолд тусгасан. Тэгэхээр хариуцлагыг нь хатуухан тавьж болохгүй юм уу” гэхэд Ж.Батзандан гишүүн “Тогтоолын зургадугаар заалтад зөвшөөрөлгүй барилгын үйл ажиллагаанаас болж хохирсон иргэнд нөхөн олговор олгох талаар оруулсан. Гэхээ олон хүн энэ байдлаар хохирсон байгаа. Мэргэжлийн хяналтын хамар дор хууль бусаар баригдаж байсан барилгаас төмөр унаж 21 настай залуу амь насаараа хохирсон. Тэгэхээр төр иргэнийхээ аюулгүй байдлыг хангах ёстой үүднээс нөхөн олговор олгох зүйтэй гэдгийг оруулсан. Иргэдэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зайлшгүй шаардлагатай” гэв. Харин М.Зоригт гишүүн “Өнөөдөр энэ ажлын хэсгээс завшсан зүйл үнэртээд байна. Дүгнэлт гаргаад хэлэлцээд сууж байх хэрэг байхгүй. Цаашдаа ингэж юм болгон дээр ажлын хэсэг байгуулаад байх юм уу. Байнгын хороо ч ажлын хэсгээ чөлөөтэй байгуулдаг. Би үүн дээр УИХ-ын даргаас хариулт авмаар байна” гэхэд “Би ч хариулаад байх хэрэг байхгүй. Үүнийг санал хураалтаар шийдэх хэрэгтэй” гэлээ.

Харин УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар гишүүн “Би энэ тогтоолыг дэмжихгүй” гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн бол Ц.Нямдорж гишүүн “М.Зоригт гишүүний санал дээр хэлэхэд ажлын хэсэг байгуулж, хэн нэгнийг шалгадаг, өөрсдийнхөө дургүй аж ахуй нэгжийг хаадаг байдал үүсээд байна. Барилгын яам болохгүй байгааг шалгаж, үүний дүнг УИХ-аар хэлэлцдэг байх ёстой. Цаашдаа УИХ-ын дарга, байнгын хороод УИХ-ын хязгаарт тогтоосон зүйлээ шалгадаг байя” гэлээ. Ингээд гишүүдээс санал хурааж, энэхүү тогтоолын төслийг дэмжлээ.

Одоо чуулганы хуралдаанаар Газрын тухай хуулийн төсөл, Газрын төлбөрийн тухай, дагалдах 16 хуулийн  төслүүдийг хэлэлцэж байна. Хууль санаачлагчдын танилцуулгийг Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан танилцууллаа. Мөн Байгаль, орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал дүгнэлтийг тус байнгын хорооны гишүүн А.Бакей танилцууллаа.

Ш.ЧИМЭГ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж