
Төрийн соёрхолт Д.Сосорбарамын найруулан тавьж, “Х-ТҮЦ” продакшны жүжигчид гол дүрд нь тоглосон Америкийн зохиолч Айн Рэндийн “Нэгдүгээр сарын 16-ны шөнө” хэмээх жүжиг өчигдөр Р.Чойномын нэрэмжит “Од” театрт ганцхан удаа тоглосон. Тоглолтын тасалбарын 101.000 төгрөг. Хоёр зуухан хүний суудалтай театрт энэ хэмжээний үнээр тоглоод, дээр нь жүжгийг бүтнээр нь телевизээр шууд дамжуулна гэдэг жүжигчдийн хувьд “субботник” хийснээс ялгаагүй. Харин үзэгчдийн хувьд жинхэнэ “оюун санааны хөрөнгө оруулалт” болсон билээ. Америкийн зохиолч Айн Рэндийн амьддаа теарт тоглуулж амжилт олсон цорын ганц жүжиг нь энэ бөгөөд 1968 онд зохиолчийн шинэчлэн засварласан эцсийн хувилбараар тайзнаа тавьсан анхны тохиолдол нь өчигдөр байлаа.
Өчигдөр тайзнаа анх удаа тавигдсан “Нэгдүгээр сарын 16-ны шөнө” жүжгийг үзэхээр очсон Хууль зүйн сайд Х.Тэмүүжин болон философич Б.Батчулуун нарын 11 хүн үзэгчдийн эхний эгнээнээс шүүгчийн суудалд шилжиж, Айн Рэндийн жүжгийг араас нь үзэх “ховорхон” хувь тохиосон юм. Жүжгийн найруулагч жүжгийг улам төгс болгохын тулд шүүх хуралд төлөөлөгчөөр оролцдог иргэдийн төлөөллийг үзэгчийн суудлаас гаргасан нь энэ. Үзэгчдийн суудалд үлдсэн бусад хүмүүсийн хувьд энэ үзэгдэл мэдээж сонирхолтой л байсан байх. Харин 200 хүний өөдөөс харж суугаад Айн Рэндийн жүжгийг араас нь үзсэн хүмүүст ямархуу байсан бол?
А.ШАРХҮҮ