МҮОХ-ны шинээр сонгогдсон Гүйцэтгэх зөвлөлийн анхдугаар хуралдаанаас “Сочи-2014” өвлийн олимпод оролцох Монголын баг тамирчдын ахлагч (Шеф-де-Миссион)-аар Ц.Даваасүрэнг томилов. УИХ-ын гишүүн Цэрэнпилийн Даваасүрэн нь МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлд өвлийн спорт хариуцсан гишүүн, Монголын тэшүүрийн холбооны Ерөнхийлөгч юм. “Сочи-2014” өвлийн XXII наадамд манайхаас гүйлтийн цана, шорт-трек, тэшүүрийн төрлийнхөн олимпийн эрхийн төлөө өрсөлдөхөөр зэхэж буй бөгөөд “зандан хүлэгтнүүд” хоёрдугаар сарын сүүлээр Италийн Валь-де-Фьемме хотод болох ДАШТ-д оролцох нь хамгийн чухал асуудал болоод байна. “Ванкувер-2010”-д Г.Халтар (МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн), “Турин-2006”-д Д.Баясгалан (Тэргүүн дэд ерөнхийлөгч), “Солт Лейк-2002”-д Д.Раш (Цанын холбооны ерөнхийлөгч) нар энэ зууны эхний гурван цагаан олимпийн багийг ахалсан түүхтэй. Шинэхэн “Шеф-де-Миссион” (Chef-de-Mission) Ц.Даваасүрэн ирэх хоёрдугаар сарын 4-9-ний өдрүүдэд Сочи хотноо ОУОХ-ноос зохион байгуулах багийн ахлагчдын хуралд оролцохоор уригдсан байна. Монголын баг “Инсбрук-64” өвлийн олимпоос хойш нийт 12 удаа (1976 онд өнжсөн) цас, мөсөн замд “тоосоо өргөжээ”.
Б.МАРАЛ