Индонезийн нийслэл Жакарта хотод орших Ерөнхийлөгчийн ордон орон нутгийн цагаар өнөөдөр өглөө усанд автсан тухай тус улсын үндэсний мэдээллийн агентлаг мэдээлжээ. Усан бороо, үерийн улмаас хөрсний нуранги үүсч, улмаар Жакарта болон зэргэлдээх Бантен мужид найман хүн амь үрэгдэж, 120 мянган хүн орон гэргүй болсон байна.
Байгалийн гамшигтай тэмцэх Үндэсний газраас Ерөнхийлөгчийн ордон усанд автах аюултай болсныг анхааруулсан учир Индонезийн ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдхойоно Аргентиний ерөнхийлөгч Кристина Фернандес де Киршнертэй хийх уулзалтыг хойшлуулахаар болжээ. Одоо Ерөнхийлөгчийн ордны ойролцоо усны төвшин нэг метрээр нэмэгдээд байна.
Үерийн улмаас зарим галт тэрэгний буудалд усны төвшин хагас метрт хүрчээ. Жакарта тийш чиглэсэн олон авто зам усанд автсан байна. Нийслэл хотын зүүн хэсэгт усны төвшин гурван метрт хүрч, 10 районы долоо нь усанд автжээ.
Ш.МЯГМАР