Алжирт гадаадын ажилчдыг барьцаалжээ

Хуучирсан мэдээ: 2013.01.17-нд нийтлэгдсэн

Алжирт гадаадын ажилчдыг барьцаалжээ

Алжирын Ин Аменас хотод исламын зэвсэгт дайчид гадаадын ажилчдын зорчиж явсан автобус руу халджээ. Тэд автобусанд зорчиж явсан хоёр ажилчны амийг бүрэлгээд, бусдыг нь барьцаалсан байна. Халдлагын үеэр Алжирын нэг, Британийн мөн нэг ажилчин амь үрэгдэж, хэд хэдэн хүн гэмтжээ. ВВС-гийн мэдээлснээр исламын дайчид гадаадын иргэдийг барьцаалан хийн үйлдвэр рүү орсны дараа алжир ажилчдыг сулласан байна.

Одоогоор исламын хэт даврагсдын гарт Их Британи, Япон, Франц, АНУ, Норвегийн иргэн болох 20 орчим ажилчин барьцаалагдсан байгаа аж. Харин барьцаалагчдын зүгээс гадаадын 41 ажилчны амь бидний гарт байна гэж мэдэгджээ.

Барьцаалагчид Ин Аменас хотын байгалийн хийн үйлдвэрт бүгсэн бөгөөд Алжирын армийн цэргүүд үйлдвэрийн байрыг бүслэлтэд авчээ. Тэд барьцаалагчдын хамт Алжирын нутаг дэвсгэрээс гарахыг хүсч байгаа тухай тус улсын Дотоод хэргийн сайд Доха Оулд Кабила мэдэгдсэн байна. Харин Алжирын эрх баригчдын зүгээс гэмт этгээдүүдтэй тохиролцоо хийхгүй гэж мэдэгджээ.

Ажиглагчдын үзэж буйгаар исламын дайчид гадаадын иргэдийг барьцаалсан нь  Франц улс Малид цэргийн хүчээ оруулсантай холбоотой гэнэ.

Ин Аменас хотын байгалийн хийн ордод Алжирын үндэсний газрын тосны  “Sonatrach” болон Британийн “BP”, Норвегийн “Statoil” зэрэг компаниуд олборлолт хийдэг байна. Ин Аменас хот нь нийслэл Алжираас 1300 км, Ливийн хилээс 60 км зайтай оршдог аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж