160 гаруй том, жижиг хувьцаа эзэмшигчидтэй, ер нь бол ихэнхи хувь нь орон нутгийн мэдэлд байдаг гэгддэг Тавантолгой ХК-ийг үнэн хэрэгтээ ТУЗ-ийнх нь 9-хөн хүн эрх мэдлээрээ залуурдаж байгаа. Нэг ёсондоо тус компанитай холбоотой аливаа асуудал үүслээ гэхэд эргээд хариуцлага ярих ёстой хүмүүс нь тэд. Гэвч хэрэг дээрээ тэд гэмгүй хүмүүс болон жүжиглэж, ард нь үлддэг баларсан жишиг тогтож мэдэх нь. Тухайлбал, Тавантолгой ХК стандартын бус усан оргилуур ашиглалтанд оруулсны гайгаар дэгэж дэрвэж явсан хоёр хөөрхөн хүү амь насаа алдсан харамсалтай хэрэг гараад жил гаруй хугацаа өнгөрч байна. Гэтэл тус компанийн Гүйцэтгэх захирал Х.Түмэнбаяр амиа алдсан хүүхдүүдийг “амиа хорлосон” бид буруугүй гэж мэлзсэн. Гэхдээ нэгэнтээ мэргэжлийн хяналтын байгууллагаас “Усан байгууламжийн цахилгаан тоног төхөөрөмжийг Монгол Улсын барилгын тухай хууль болон бусад хууль дүрэм журмыг зөрчиж суурилуулан ашигласан учраас энэ хэрэг гарах үндсэн шалтгаан болсон” гэсэн дүгнэлтийг гаргачихаад байгаа тул холбогдох хууль хяналтын байгууллага нь хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой талд нь гэм бурууг хүлээлгэх байх гэсэн хүлээлт нийгэмд байгаа юм.
Гэхдээ мөнгө, эрх мэдлийнхээ хүчээр бүхэл бүтэн аймгийнхаа удирдлага, хуулийн байгууллагыг өөртөө урвуулж чадсан гэх Хүүгийн Түмэнбаяр захирал хариуцлагаас мултрахын тулд чамгүй зүйлийг сэдэж яваа талаар эх сурвалжууд хэлж буй юм. Ер нь Хүүгийн Түмэнбаяр эрхмийг өөрийг нь тухайлан шалгах ёстой, хуудуутай нэгэн гэдгийг ч эх сурвалжууд хэлдэг. АН-ын гишүүн тэрээр аймгийнхаа ИТХ-ын дарга болчихоод, албан тушаалын амтыг илүү ихээр мэдэрчихсан яваа. Тэгэхдээ түүнд мөнгө, эрх мэдлийн аль алиныг нь амтлуулсан ачтан бол Тавантолгой ХК нь юм. Тэрээр энэ компанийн гүйцэтгэх захирал болсныхоо дараа төдийлөн удалгүй аймгийн төв дэх нутгийн захиргааны удирдлагын ордноос 50 метр хүрэхгүй зайд Хан-Уул гэх тансаг зэрэглэлийн зочид буудал барьсан. Уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулагчдын очих үндсэн цэг болсон Өмнөговийн төв дэх түүний зочид буудалд гадныханд зориулсан 800 ам.долларын үнэтэй өрөөнүүд ч бий. Тэдгээр өрөөнүүд ч зочдоор тасардаггүй аж. Ямартаа л Саус Гоби Сэндс компанийн халзан захирлууд гэдгээрээ алдартай Жастин Капла, Курт Черч болоод түүний хамтрагч н.Мягмар-Эрдэнэ нар Х.Түмэнбаярын үнэтэй буудлын, үнэтэй өрөөний, үнэтэй үйлчлүүлэгчид байсан гэх. Ийм мэдээллийг орон нутгийн эх сурвалжууд өгч буйг тодотгох нь зөв биз ээ.
Ер нь эхэнд өгүүлсэнчлэн орон нутгийн өмчит Тавантолгойгоор хэдхэн эрхэм тоглоод дуусч байгаа дүр зураг харагдаж байна. 1966 онд үйл ажиллагаа нь эхэлсэн тус компани 2004 оноос эхлэн Хятад руу нүүрс гаргаж эхэлсэн. Олборлосон нүүрсийг нь тээвэрлэх гэрээг Монгол транс, Хурд зэрэг 13 компанитай хийсэн гэж байгаа ч, бодит байдал дээр гэрээлэгч компаниуд нь цаашаагаа өөр бусад компаниудыг туслан гүйцэтгэгчээр авч ажиллуулдаг. Өдөрт 300 гаруй машин нүүрсийг урд хил рүү гаргахаар ачуулдаг. Уурхайн захирал нь 5 сая төгрөгөөс давсан эрх мэдэлгүй бөгөөд ТУЗ –ийн гишүүн 9 хүнд л хэдэн тэрбумаар “тоглох” мэдэл бий.
Үнэн хэрэгтээ орон нутгийн өмчит гэх тодотгол зүүлгэж, төр оролцсон юм бүхэн удаан, хувийн хэвшлээс хоцорч байдгийг харуулж байгаа тус компанийг дураараа захиран зарцуулж байгаа хүмүүс нь Х.Түмэнбаяр тэргүүтнүүд юм.
Сар бүр улсын төсөвт 10 тэрбум төгрөг оруулдаг тус компанийн 160-аад ажилчид арван онд цалингаа нэмүүлээд арайхийж 400 мянгад хүргэсэн гэхээр үнэхээр толгой сэгсэрмээр байгаа биз. Өнөөх Х.Түмэнбаяр захирал нь 1 сая 500 мянган төгрөгийн цалинтай. Харин зочид буудлынх нь хамгийн үнэтэй өрөө 800 ам.доллар. Тэгэхээр Х.Түмэнбаяр захиралд сарынх нь цалин бол шалны алчуур. Харин компанийнх нь ажилчдын хувьд 400 мянган төгрөг гэдэг тэнгэрийн хишиг болж таарах нь. Хөөрхий минь ажилчдаасаа 4 дахин өндөр цалинтай Х.Түмэнбаяр захиралд ажилчдынхаа нийгмийн асуудалд анхаарч дийлэх цаг зав ч байдаггүй байж мэдэх юм. Учир нь тэрээр 1997 онд “Дайцүки” компанид газраа булаалгасан гэх хэрүүл заргыг сүүлийн хэдэн жилийн туршид хийн, тун завгүй яваа юм л даа.
Эх сурвал: www.zindaa.mn