
Сүүлийн хоёр удаагийн сонгуулиас үзвэл /2012 онд явуулсан УИХ болон орон нутгийн сонгууль/ ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгууль ч бас өмнөх жилүүдийн сонгуулиудыг бодвол харьцангуй эмх цэгцтэй бол болж өнгөрөх биз. Өмнөх сонгуулиудаар Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 24 нам нэг бүрчлэн сонгуульд орж /гэхдээ зарим нэг намууд хоорондоо эвсэж, эсхүл бие биеэ дэмжиж ордог байсныг эс тооцвол/, саналыг хуудас дүүргэдэг байсан бол өнгөрөгч 2012 оны УИХ-ын сонгуульд нэг тойрог дээр дээд тал нь найман нам, эвсэл л нэр дэвшүүлсэн билээ. Үндсэндээ улс төрийн намууд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй цөөнх хэсэг дээрээ төвлөрч, харин үлдсэн хэсэг нь улс төрийн тавцангаас бууж байна аа гэсэн үг.
Харин Ерөнхийлөгчийн сонгуулиар зөвхөн УИХ-д суудалтай нам эвслүүд нэр дэвшүүлэх эрхтэй байдаг тул угаасаа сонгуульд орох нам, эвслийн тоо хязгаартай. Гэлээ ч одоо УИХ-д суудалтай байгаа гурван нам /АН, МАН, ИЗНН/, нэг эвслийн /МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл/ хувьд бас хүчний төвлөрөл явах байх гэсэн таамаг байгаа юм. Гэхдээ хэн нь хэнтэйгээ вэ гэдэг асуудал одоохондоо тодорхой биш.
Хамгийн түрүүнд намынхаа даргыг хорих руу илгээгээд байгаа МАХН-ын хувьд ямар ч байсан намынхаа дотоодоос нэр дэвшигчээ гаргана гэх бололцоогүй болж байгаа юм. Ч.Улаан, Д.Тэрбишдагва, Н.Удвал гэсгээд энэ намын потенциаль үндсэндээ дуусч байгаа. Гэхдээ УИХ-д нэг, хоёр суудалтай жижиг намууд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохын тулд улс төрийн карьераа хэдийнэ орхиод намдаа хаягдсан өөр намын угшилтай хуучин кадрууд, эсвэл олон нийтэд танигдсан нэр хүнд бүхий эрхмүүд, зохиолч, яруу найрагч нам бусчуудыг намынхаа нэр дээр дэвшүүлдэг байсан хуучин уламжлал бий. Энэ маягаар АИХ-ын депутат асан Э.Гомбожав, яруу найрагч З.Дорж, зохиолч Л.Дашням, Төрийн шагналт Л.Түдэв гээд олон хүнд Ерөнхийлөгчид нэр дэвших завшаан тохиосон ч Л.Түдэвээс бусад нь сонгогчдын таван хувийн ч босго давж байгаагүй юм.
Гэвч энэ удаагийн МАХН-ын хувьд арай өөр сонголт хийж магадгүй гэсэн таамагт хүргээд байгаа хүн бол МАН-ын дарга Ө.Энхтүвшин. Өнгөрөгч 2012 оны УИХ болоод орон нутгийн сонгуулиар МАН-д МАХН шиг том дайсан байгаагүй бол өнөөдөр МАХН шиг түшиг тулгуур үгүй болоод байна. Үүнийг хийж буй хүн нь МАН-ын дарга Ө.Энхтүвшин бөгөөд түүний өнгөрсөн хугацаанд хоёрдугаар эмнэлэг, Тусгаар тогтолын ордон, Зайсангийн хорих гурвын хооронд гаргасан жим яалт ч үгүй нэг үр дүнг дуулгах биз. Намын даргын тамга тэмдэг атгасан Ө.Энхтүвшин гэдэг хүн Н.Энхбаярын дотны нөхрийн дүрээр дахин гарч ирсэн нь огт санамсаргүй зүйл биш бөгөөд намынхаа шинэ удирдлагаас зай барих болсон У.Хүрэлсүх, Сү.Батболд нарын байдал ч гэсэн яалт ч үгүй МАХН-ын даргын хөлд сууж буй МАН-ын даргыг зөвтгөхөд хүрсэн бололтой.
Хэрэв энэ үнэн бол ирэх сонгуулиар МАН, МАХН хоёр эвсэх, эсхүл бүр нэгдэж ч юм уу сонгуульд орно оо гэсэн үг. Харин МҮАН-ын хувьд байдал хараахан тодорхойгүй байна. Ямартай ч ялын тогтоол гардаж авсан Н.Энхбаяраас нүүр буруулсан МҮАН-ын дарга “Ерөнхийлөгчийн сонгуульд танай намыг дэмжинэ” гэж очихгүй л болов уу. Н.Энхбаярын хувьд УИХ-д таван суудалтай /МҮАН-ынх зургаа байснаас Ц.Цолмон намаасаа гарч МАХН-д элссэн/ мөртлөө эвсэлд өгсөн дөрвөн сайдын гурвыг нь булааж авсан, тэр ч байтугай Сангийн сайдын суудлаас М.Энхсайханыг “гулгуулсан” болохоор одоо М.Энхсайханд Н.Энхбаярт төлөх ёстой өр гэж байхгүй. Өөрөөр хэлбэл, МҮАН-ын хувьд Н.Энхбаярын тоглоомын дүрмээс гарч, өөрийнхөө дүрмээр тоглох цаг ирсэн гэсэн үг.
Нэгэнт улс төрийн хүчний төвлөрөл ярьсан болохоор МҮАН ч бас аль нэг талдаа гарах сонголтын үе ирж байна. Энэ нь зөвхөн М.Энхсайханаас шалтгаалаад зогсохгүй Шинэчлэлийн Засгийн газрыг толгойлж байгаа Н.Алтанхуягаас тодорхой хэмжээнд хамаарах болно. Ялангуяа эвслийн хоёр намтай нийлээд дөрвийн дөрвөн намыг багтаасан Засгийн газар дотроо зөрчилтэй байгаа энэ үед Засгийн газрыг толгойлж байгаа эрхэм гэрээгээ хэрхэн биелүүлэх, хэр үнэнч хандахаас шалтгаална гэсэн үг. Ямар ч байсан өнгөрсөн удаад М.Энхсайханыг “МТЗ”-ын даргаар томилоод сарын дараа чөлөөлсөнтэй адил зүйлээр лав Ардчилсан нам МҮАН-ыг улс төрийн холбоотон болгох нь байтугай Засгийн газраа ч тогтоон барьж чадахгүй. Харин ч Зам тээврийн сайд, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд нарын хийсэн энэ маапаантай сэлгээний дараа М.Энхсайхан шүд зуугаад намаа засагт үлдээсэн нь Ардчилсан намын даргатай ямар нэг алсын тохиролцоонд хүрчээ хэмээн таамаглахад хүргэсэн билээ. Өөрөөр хэлбэл, энэ хоёр нам ирэх сонгуульд хамтарч орж магадгүй.
Учир нь Ардчилсан хүчнээс анх удаа сонгогдсон төрийн тэргүүний бүрэн эрхийг дахин нэг удаа сунгах шаардлага М.Энхсайханы өмнө нь нэг удаа өрсөлдөөд унасан сонгуульдаа дахин нэг удаа аз үзэж намынхаа рейтингийг өсгөхөөс илүү чухал. Яагаад гэвэл Ерөнхийлөгчийн хоёр дахь удаагийн бүрэн эрх гэдэг эхнийхээсээ илүү үнэ цэнэтэй байдаг. Учир нь эхний бүрэн эрхийн хугацааг Ерөнхийлөгч нар дараагийн сонгуулийнхаа бэлтгэл, бие халаалт байдлаар зарцуулдаг бол сүүлийн бүрэн эрх нь олон нийтийн шүүмжлэл, улс төрийн эрсдлийг өөр дээрээ аваад ч хамаагүй нийгмийг шинэтгэх шийдсэн алхмуудаа хийх боломжийг олгодог. Ялангуяа нэг нам парламентад олонхи болоогүй, бодлогоо дангаар хэрэгжүүлэх боломжгүй энэ үед Ерөнхийлөгчийн институт хамгийн гол зүтгүүр болно гэдгийг аль хэдийнэ ярьж байгаа. Тэгээд ч Үндсэн хуулийн өөрчлөлт, засаг захиргааны нэгжийн шинэ хуваарьт шилжих гээд олон том асуудал Ерөнхийлөгчийн хоёр дахь бүрэн эрхийн хугацааг хүлээж буй.
Энэ мэтчилэн том эрх ашгаа харах юм бол Ардчилсан нам болоод МҮАН ирэх сонгуульд хамтрагчид болох боломж бий. Харин үүнд саад болж болох нэг зүйл бол “УИХ-д суудалтай нам, эвсэл гэж юуг хэлэх вэ” гэдэг хуулийн заалт. Хэрвээ Үндсэн хуулийн Цэц “МАХН, МҮАН гэдэг нам биш, “Шударга ёс” гэдэг эвсэл сонгуульд орсон учраас УИХ-д суудалтай нам эвсэл нь МАХН, МҮАН биш “Шударга ёс” эвсэл байна аа” гээд шийдчихвэл энэ хоёр нам хуучин эвслээрээ сонгуульд орохоос өөр аргагүй болно. Харин нөгөө талаас харвал Засгийн газар байгуулагдаж байх үед засагт хамтарсан намуудын байгуулсан гэрээнд “Орон нутаг болон Ерөнхийлөгчийн сонгуульд хамтарч орно” гэсэн хэлцэл ч бас байж байгаа. Тэгээд ч манай улс төрийн намуудын өнгөрсөн хугацаанд бүрдүүлсэн нэг имиж бол хуульд юу гэж заасан нь чухал биш. Гэрээ бол бүр ч асуудалгүй. Харин тухайн орчин нөхцөлд тухайн намд ямар шаардлага үүссэн бэ гэдгээс шалтгаалан бүх шийдвэрүүд гардаг. Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр болоод Улсын дээд шүүхийн тайлбарууд ч гэсэн түүнд нь зохицон гардаг билээ.
Нэг ёсондоо 2012 оны УИХ-ын сонгуулиар МАХН хамгийн гол хөзөр байсан бол өнөөдөр МҮАН энэ байр суурин дээр ирсэн байна. М.Энхсайханы хувьд эсрэгээрээ МАХН-тай эвссэн хэвээрээ Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэхийг ч хүсч болно шүү дээ. Гэхдээ түүнд нь МАН гэж нэг том саад гарч ирээд байгаа.
Харин ИЗНН-ын хувьд мэдээж сүүлийн арав гаруй жил явж ирсэн замаараа замнах биз. Тус намын хувьд өнгөрсөн арав гаруй жилд улс төрийн тавцанд оршин тогтносон болоод, оршин тогтнохоос аргагүй шалтгаан нь тус намын дарга С.Оюун байсан. Тэр ч хэвээрээ байгаа. Тиймээс “ганц дээлт барилдаач” гэгчээр намын даргаа өмнөө бариад, эсвэл “улс төрийн гуравдагч хүчин” гэгч үнэнд ойртдоггүй үлгэрээ яриад сонгуульд орж байж ч магадгүй. Өмнөх олон сонгуулийн түүхэнд ИЗН-ын энэ стратегийг чиглүүлж байсан хүн нь МАН-ын дарга асан С.Баярыг гэлцдэг байлаа. Харин энэ удаад хэн байхыг хэлэхэд эрт байна.