Хүн амины онц ноцтой хэргийг түр түдгэлзүүлжээ

Хуучирсан мэдээ: 2013.01.17-нд нийтлэгдсэн

Хүн амины онц ноцтой хэргийг түр түдгэлзүүлжээ

Ингэснээр хавтаст хэрэг хав дарагдаж, замхрах нь тодорхой болов

Төв
аймгийн Батсүмбэр суманд үйл ажиллагаа явуулж “Гурван цагаан далай”
шатахуун түгээх станцыг дээрэмдэж, түгээгч Д-г буудан амийг нь хохироож,
гурван сая төгрөг дээрэмдсэн хэрэг 2011 оны 11 дүгээр сарын 20-21-нд
шилжих шөнө гарч олныг цочирдуулсан билээ. Энэ хэрэг гарснаас хойш бүтэн
жил болжээ. Харамсалтай нь хэргийн эзнийг илрүүлж чадаагүй хавтаст
хэргийг нь түр түдгэлзүүлсэн гэх мэдээллийг УМБГ-аас өгч байх юм. Уг нь
илэрдэггүй, эзэнгүй хэрэг гэж байдаггүй гэдэг. Гэтэл энэ хэрэг бүр тэр
дундаа гэрчтэй хэрэг яагаад илрэхгүй, замхрах тийшээгээ хандаад байгаад
хохирогчийн ар гэрийнхэн болон олон хүн гайхаад байгаа.

Хэрэг
үйлдэгдсэн тухайн үед аймгийн Цагдаагийн хэлтэс, Замын цагдаагийн газар,
ЭЦГ, УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хамтран Ажлын хэсэг
байгуулан сүр дуулиантайхан шалгаж, “Гэмт этгээдүүдийг илрүүлэн цагдан
хорилоо. Гурван сэжигтнийг саатуулсан бөгөөд тэд хэргээ хүлээсэн” хэмээн
тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэж байсан ч удалгүй
тэднийг хэрэгт холбогдолгүй хэмээн суллажээ. Үнэндээ тухайн үед гурван
казак залууг цагдан хорьсон ч тэд харин малын хулгайн гэмт хэрэгт
холбогдон шалгагдаж байсан юм билээ.

Хэрэг гарах үед хохирогч 37
настай эмэгтэй Д-гийн толгойд буудан амийг нь хөнөөсний дараа нөхөр
Лхагвасүрэнг гуянд нь гурван удаа хутгалаад, орлого болох гурван сая
төгрөгийг нь аваад зугтахдаа хоорондоо казакаар ярьж байсныг
талийгаачийн нөхөр нь хэлдэг юм. Ийнхүү тодорхой гэрчтэй хэрэг яагаад
өдий болтол илрэхгүй байгаа нь цаанаа “но”-той болохоо батлаад байх шиг.
Энэ хэргийг аймгийн Цагдаагийн хэлтсийн дарга хурандаа Д.Болдбаатар
удирдан шалгаж байсан бөгөөд тэрбээр өнгөрсөн наймдугаар сард Налайх
дүүргийн Цагдаагийн хэлтсийн даргаар томилогдоод энэ дуулиант хэрэг түр
намжиж, дараагийн дарга нь хүлээж авч үргэлжлүүлэн шалгаж байгаа гэсэн
сураг төдий мэдээлэл байсан бол харин одоо бүр шалгаж байгаа ч зүйлгүй
хавтаст хэргийг нь түр хаачихсан байна.

Өнгөрсөн хугацаанд энэ
хэргийн талаар тодорхой мэдээллийг Цагдаагийн ерөнхий газраас өгч
байсан. Мэдээлэл өгөхдөө энэ хэрэгт цагдаагийн ажилтан тэр дундаа офицер
цолтой хүн ч холбоотой байж магадгүй гэсэн таамгийг дэвшүүлж, хэргийн
сэжүүрээс атгасан байгаа. Энэ хэрэг илэрчих байх хэмээн мэдээллээд
байсан нь худал байв. Харин ч энэ хэргийг хэрэгсэхгүй болгож, салхинд
хийсгэх гэсэн нэг арга хэлбэр яваад байгааг нуумааргүй санагдав. Хууль
зүйн сайд Ц.Нямдорж шинэ сайд Х.Тэмүүжинд ажлаа хүлээлгэж өгөхдөө, Төв
аймгийн Батсүмбэр суманд үйлдэгдсэн хүн амины онц ноцтой хэргийг нэн
даруй илрүүлэхийг үүрэгдэж, бараг л илэрчихсэн ухааны юм ярьж албан
тушаалаа хүлээлгэж өгсөн юм гэдэг. Гэтэл Х.Тэмүүжин сайд болоод олны
хараанд байгаа, хохирогчдын ар гэрийнхний хүлээлтийг яагаад тайлчихаж
чадаагүй өдий хүрэв. Хөөрхий бэрээ бусдын гарт харамсалтайгаар алуулсан
хадам аав, ээж хоёр нь хөл гараа хүрэх газраа хүртэл яваад өнөөдөр
цөхрөнгөө бараад сууж байна. Хайртай ханиа харсаар байгаад алуулсан
Лхагвасүрэнгийн сэтгэцэд өөрчлөлт орж байн байн эмнэлэгт хэвтдэг болсныг
ч аав, ээж нь ярьж байсан удаатай. Талийгаачийн хадам аав, ээж хоёр нь
Х.Тэмүүжин сайдад их итгэл үзүүлж, хэд хэдэн удаа уулзах гэсэн ч хүлээж
аваагүйд их гомдолтой байгаа гэсэн.

Тэдний ярьж буйгаар энэ
хэрэгт цагдаагийн ажилтан холбогдсон нь бараг үнэн байх. Тэгээд энэ
хэргийг илрүүлж, эзэн холбогдогчийг нь олох сонирхол хуулийнханд алга
байх шиг байна. Бидний сэтгэлийг амраагаад ийм хүн бэрийн тань аминд
хүрсэн шүү гэдгийг дуулгаад харуулчихвал сэтгэл амар нүд анимаар байна.
Тэр хүнийг хараад ядаж алж чадахгүй юмаа гэхэд нүүрийг нь ч болов
самардаад үхэх юмсан гэсэн аргаа барсан хадам ээжийн амнаас гарах үг
ердөө энэ. Шинэчлэлийн Засгийн газар гарч, дарга цэрэг нарыг бүхлээр нь
сольсон энэ цагт бүх юм хуулийн дагуу шийдэгдэх байх гэсэн үгэнд
хохирогчид аргаа барж сууна. Бүхэл бүтэн Ажлын хэсэг байгуулагдан орон
нутгийн хэмжээнд нэгжлэг самналт хийж сэжигтэй гэсэн хүн бүхнийг
саатуулан шалгасан хэрнээ жинхэнэ эзнийг нь илрүүлж чадсангүй. Тэгсэн
хэрнээ хуулийнхан мэргэжлийн өндөр түвшинд гурван жилийн өмнө үйлдэгдсэн
хэргийн эзнийг олчихдог хэмээн гайхуулан ярьдаг ч яагаад бүтэн жил
шалгасан хэргийг илрүүлэх хүсэл сонирхол байхгүй байна вэ гэдэг их л
учир шалтгаантай байна.

Тухайн үед Ланд крузер унасан баг зүүсэн
гурван залуу хэргийг үйлдсэн гэх гэрчийн мэдүүлэг, ам хайрцгаар бараг
илрүүлчихсэн хэрнээ ажлаа хийхгүй байгаа нь дутагдалтай. Энэ хэрэг ингэж
явсаар хаагдаж, эзэнгүй хэргийн тоо нэгээр нэмэгдэх нь бараг тодорхой
болж байх шиг байна. Ямар ч өс хонзонгийн сэдэлтээр биш танихгүй
этгээдүүд шунахайн сэдлээр хүний амь хөнөөж, гурван хүүхдийг эхээс нь,
ханиас нь өнчрүүлэн хагацааж хаячихаад гудайх ч үгүй мөнгийг нь
дээрэмдээд зугтсан хэрэг бол яах аргагүй онц ноцтой хүнд гэмт хэрэгт
орох ч энэ хэргийг илрүүлэх, илчлэх сонирхол шалгаж байгаа хуулийнханд
байхгүй байна гэдэг нь сонирхол татаж байна. Хавтаст хэргийг хэзээ
сэргээн шалгаж, эзнийг нь олохыг хэн ч таашгүй нь дээ.

Эх сурвалж: WWW.WIKIMON.MN
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж