Олон улсын валютын сан 2010 онд дүгнэхдээ, Египет, Тунис, Ливи гурван улсын эдийн засаг нийлээд 2011-2015 онд 2,2 их наяд ам.долларын хэмжээнд хүрнэ гэж байсан юм. Дээрх тооцоололд үндэслэн BreakingViews судалгаа хийсэн байна. Гэхдээ BreakingViews-ийн тооцоог бүрэн бодит гэж үзэж болохгүй гэдгийг Ливаны “The Daily Star” сонин бичив. Учир нь хувьсгалаас гадна эдийн засгийн уналтад нөлөөлж болох бусад хүчин зүйлийг ОУВС тооцоогүй байсныг Ливаны сонин тэмдэглэв.
2011 оны аравдугаар сард ОУВС ард түмний ширүүн эсэргүүцэлтэй байсан Арабын орнуудын эдийн засгийн хохирол 55 тэрбум ам.доллар гэсэн тоог хэлж байлаа. Хохирол Йеменд ДНБ-ний 5,4 хувь, Тунист 5,2 хувь, Египетэд 4,2 хувьтай тус тус тэнцсэн гэж дүгнэжээ. Гол цохилт нь Сири, Ливид тусч, хохирол 7,7 ба 6 тэрбум ам.доллар болсныг 2011 оны сүүлчээр мэдээлсэн юм.
2012 оны дөрөвдүгээр сард Libyan Foreign Bank банкны ерөнхий захирал Мохаммед бин Юсуф (Mohammed bin Yousuf) хувьсгалаас болж араб орнууд 75 тэрбум ам.долларын хохирол амссан гэж байв. Өнгөрсөн оны дундуур Emirates 24/7 онлайн сонин бичихдээ Иорданы төлөвлөлт ба олон улсын хамтын ажиллагааны яамны ерөнхий нарийн бичгийн дарга Салех Харабши (Saleh Kharabshi) хувьсгалуудын учруулсан эдийн засгийн хохиролыг 120 тэрбум ам.доллар гэсэн байлаа. Ойрхи Дорнод, Хойд Африкийн орнуудад хийгдсэн шууд хөрөнгө оруулалт 2011 онд 24 хувиар буюу 50 тэрбум ам.доллараар унасан байв. Өнгөрсөн жилд уг үзүүлэлт 53 тэрбум ам.доллар байсан гэж Харабши дүгнэжээ.