Хэлэлцүүлгийн үеэр Норвегийн Ерөнхий сайд асан ноён Кьелл Магне Бондевиктай ярилцсаныг хүргэж байна.
-Норвеги бол уул уурхай хөгжсөн орон. Танай улсын уул уурхай, ашигт малтмалын салбарт төрийн оролцоо нэлээд өндөр байдаг юм байна. Төрийн оролцоо өндөр байдгийн шалтгаан юу вэ?
-Норвеги, Монгол Улс уур амьсгал, байгалийн баялгийн нөөцийн хувьд адил төстэй. Байгалийн баялгийг яаж зохицуулж зарцуулах вэ гэдэг бол их чухал асуудал. Энэ баялаг их үнэ цэнэтэйгээс гадна дотоодын болон гадаад талын сонирхлыг араасаа дагуулж байдаг. Норвеги улс газрын тос, хийн салбарт гадны компаниудтай хамтарч ажилласан сайн туршлагатай. Гэвч бид байгалийн баялгаа ашиглах удирдага, менежментийг гадны компаниудын гарт бүрмөсөн шилжүүлээгүй. Уул уурхайн үйл ажиллагаа бол ямар ч тохиолдолд төрийн хяналт дор явах ёстой. Нэг үгээр хэлбэл баялгийг ашиглах менежментийн удирдлага төрийн гарт байх ёстой.
Норвегид газрын тосны бүх нөөц баялаг төрийн мэдлийнх гэж хуульчилсан байдаг. Хатуу ашигт малтмалын хувьд бол арай өөр л дөө. Ерөнхийдөө газрын гадаргаас доош таван метр, түүнээс доош байгаа ашигт малтмал төрийн өмчид тооцогдоно. Таван метрийн дотор бол газар өмчлөгч нь ашигт малтмалыг хязгаарлагдмал эрхтэйгээр өмчлөх эрхтэй байдаг.
Байгалийн баялгийн хайгуул олборлолтод хуульд заасны дагуу лиценз олгож, олгосон лицензүүдийн дагуу явуулж буй үйл ажиллагааг төрийн байгууллагууд бүрэн хэмжээгээр хянадаг. Уул уурхайн компаниудын үйл ажиллагаанд өндөр хяналт тавьдаг тул тусгай зөвшөөрлөө сунгах хүсэлт гаргасан компаниудын хүсэлтийг яам харгалзан үзэж, бүгдийг нь зөвшөөрдөггүй учир цөөн хэд нь сэтгэл хангалуун үлддэг. Энэ нь харьцангуй маргаантай үйл ажиллагаа ч гэсэн өөр шийдэх арга хомс юм.
Уул уурхайн салбарын үйл ажиллагаа байгаль орчинтой хэрхэн зохицож байгааг Норвегийн Засгийн газар хамгаас их анхаардаг. Загасны аж ахуйгаар дэлхийд тэргүүлэгч улс орны хувьд газрын тосны хайгуул болон олборлолт байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаа эсэхийг сайтар судалж үзсэний дараа лиценз зөвшөөрлийг олгодог.
Уурхайн нөөц дуусаад уурхай хаагдах болоход тусгай зөвшөөрөл эзэмшигч хүрээлэн буй орчинд хоргүйгээр зүй зохистойгоор уурхайг хаах ёстой. Энэ хаагдсан уурхай нь хүмүүст аюулгүй байх ёстой. Энэ тал дээр маш нарийн тусгай зохицуулалт байдаг.
Өөр нэг байнга санаж байх ёстой нэг зүйл бол байгалийн баялгийн олборлолт, ашиглалтын зөвхөн эдийн засгийн үр ашгийг бодохоосоо гадна байгаль орчинд үзүүлэх нөлөө, үр дагаварыг давхар тооцохоо мартахгүй байх ёстой.
-Тэгвэл баялгийн өмчлөгч нь хэн юм бэ. Дараагийн үе хойчдоо, ирээдүйдээ баялгаасаа хэрхэн хүртээх вэ?
-Норвегийн уул уурхайн зохицуулалт бол 500 жилийн түүхтэй. 1539 онд анхны бичгэн хэлбэртэй зохицуулалт гарсан. Энэ зохицуулалтад Норвегийн бүх байгалийн баялаг хааны өмч гэж заасан. Одоо мөрдөгдөж байгаа 2009 оны хуулиар бүх байгалийн баялаг төрийн өмч.
Энэ баялаг бол олон сая жилийн турш бүрэлдэн бий болсон зүйл, энэ зөвхөн бидний өмч биш. Энэ өмчийн эрх бидний үр хүүхэд, тэдгээрийн дараа дараагийн үе удамд ч хамаарна. Тиймээс энэ баялгийг бид сайн менежментийн тусламжтай зөвхөн өөрсдийн эрх ашгийн төлөө бус хойч үеийнхээ эрх ашгийн төлөө ашиглах хэрэгтэй. Хангалттай хяналт тавих хэрэгтэй.
Энэ хүрээнд Тэтгэврийн сангийн талаар ярья л даа. Олон жилийн турш уул уурхайн салбараас асар их хөрөнгө хуримтлагдсан. Сая сая жилийн өмнөөс манай ард түмэнд өвлөгдөн ирсэн энэ баялгийг хойч үедээ өвлүүлэн үлдээхийн тулд энэхүү санг үүсгэн байгуулах санаа төрсөн юм. Мөн үүнтэй адил баялгийн сан Швед, Исланд, Дани зэрэг улс орнуудад бий. Манай сан хоёр үндсэн хэсгээс бүрддэг бөгөөд хамгийн чухал нь “Глобал” сан юм. Тус сангийн 80-90 хувийн хөрөнгө оруулалт нь Норвегид хийгдэж, үлдсэн хэсэг нь дэлхийн бусад улс болон Скандинавын орнуудад хийгддэг. Үүний багц нь компанийн хувьцаа болон Засгийн газрын үнэт цаас, бонд гэсэн зүйлүүдээс бүрдэнэ.
Дэлхийн бусад улс орнуудын үүсгэн байгуулсан баялгийн сангуудыг Норвегийн сан тэргүүлдэг. Норвегийн сангийн 60 гаруй хувийг хувьцааны хөрөнгө оруулалт, 35 хувийг бондын, үлдсэн хувийг үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт эзэлнэ. Норвегийн сангийн хөрөнгө өсч нэмэгдсээр өнөөдрийн байдлаар 680 тэрбум ам.долларт хүрээд байна. Санхүүгийн хямрал болон дэлхийн санхүүгийн зах зээлийн эрсдэлтэй байдлын улмаас нэлээд хэмжээний хувьцааг борлуулах бодлого баримталсан хэдий ч хуучинсаг үзлээр хандаж арилжааг төдийлөн эрчимжүүлээгүй. Улмаар санхүүгийн хямрал өнгөрч, Норвегийн санд учирсан бага хэмжээний алдагдал ч нөхөгдсөн.
Тухайн санг үүсгэн байгуулж байсан 1990-ээд оны үед газрын тосны үйл ажиллагааны зардлыг нөхөж, газрын тосноос олох орлого байхгүй, алдагдалтай ажиллаж байсан ч ирээдүйд асар их ашигтай байхыг Засгийн газар мэдэж байсан. Учир нь бид зардал нөхсөний дараах ашгаас 78 хувийн татвар авахыг хуульчилсан байсан.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 28 хувь, харин газрын тосны хувьд тусгай татвар буюу 50 хувийн татвар үйлчилдэг. Энэ нь нийлбэр дүнгээрээ 78 хувь буюу харьцангүй өндөр үзүүлэлт юм. Иймээс тухайн компанийн хувьд эдийн засгийн ашигтай байж чадах эсэхэд зарим нь эргэлздэг тал бий. Зарим газрын тосны компаниуд далайн гүнд 5000-8000 метрийн гүнд өрөмдлөг хийх шаардлага гардаг учир асар өндөр өртөг гарах тохиолдолтой. Газрын тосны нэг цооногийг гаргахад 180 сая орчим ам.долларын өртөг гарсан тохиолдол хүртэл бий. Тэгэхээр энэ нь асар өндөр эрсдэл дагуулдаг бизнес юм. Тухайн компани өөрийн хөрөнгөөрөө хайгуулаа хийгээд, нөөц тогтоосон бол энэ зардлыг нь татвараас чөлөөлдөг. Тухайлбал,олборлолт хийж буй компани хайгуулын ажлын зардлаа нөхөх зорилгоор эхний жилүүдэд татвараас чөлөөлөгдөж, зардлаа нөхсөний дараагаас, магадгүй долоо дахь жилээс 78 хувийн татвараа төлж эхэлдэг.
Эдүгээ жилд газрын тосноос 70 тэрбум ам.долларын орлого олдог нь бүгдийг нь төсөвт хийвэл эдийн засагт хэт халалт бий болгох учраас тэр чигээр нь санд шилжүүлдэг.
Энд жишээ татсан уул уурхайн олон арван компанийн дундаас “Статойл”-ийн талаар дурдъя. Дээр хэлсэнчлэн Норвеги нь уул уурхайн баялгаа ашиглах тал дээр огт туршлагагүй байсан учир Франц, АНУ, Италиас мэргэжлийн хүмүүс, мэргэшсэн компаниудыг урьж авчирсан. Ингэхдээ тухайн газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн 50 хувийг Норвегийн талууд эзэмшиж, дотоодын иргэдийг ажлын байраар хангана гэсэн болзолтойгоор оруулсан. Үндэсний 100 хувийн хөрөнгө оруулалттай “Статойл” компани ингэж боссон түүхтэй.Одоо “Статойл” компанийн 33 хувь нь хөрөнгийн биржид арилжаалагддаг хувьцаат компани болсон. Тус компани нь өргөжин тэлж, хэт их эрх мэдэл, хөрөнгө мөнгийг төвлөрүүлж болзошгүй гэсэн болгоомжлол үүссэний дагуу эрсдэлийг багасгах үүднээс хуваах шаардлагатай болсон.
-Норвеги бол уул уурхайн менежмент сайн хөгжсөн орон. Уул уурхайн менежментийн гол онцлог юу вэ?
-Норвегийн хувьд уул уурхайн үйл ажиллагаанд төрийн хяналтыг зөв хэрэгжүүлж нэвтрүүлсэн нь чухлаар нөлөөлсөн болов уу.
Уул уурхайн үйл ажиллагаа төрийн бодлогын дагуу зөв менежмент явагдаж байгаа эсэхийг хариуцаж хянах дээд байгууллага нь Аж үйлдвэр, худалдааны яам. Яам бол энэ хяналт, зохицуулалтын ажлыг нарийвчлан гүйцэтгэх боломжгүй. Тэдэнд мэргэжлийн мэргэшсэн байгууллага хэрэгтэй. Энэ ажлыг хийхийн тулд бид Норвегид тусгай зөвлөл байгуулсан. Энэ зөвлөл бол гүйцэтгэх чиг үүрэг бүхий байгууллага. Уул уурхайн салбарт шийдвэр гаргахад шаардлагатай бүх зүйлийг хариуцдаг, мэдээлэл гаргаж өгдөг байгуулага. Энэ зөвлөл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулах төлөвлөгөөг хянаж, хайгуул хийх, олборлолтын лицензийг олгож, бүртгэл хийдэг. Уул уурхайн бүх үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хяналт тавих эрхтэй байдаг.
Арван мянган куб метрээс илүү хөрс шорооны ажил хийгдэхээр байгаа бол олборлолтын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг мөн авах ёстой гэсэн шаардлагыг тавьдаг.
Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаанд тогтмол мониторинг хийх, хяналт тавих, үнэлэлт өгөх, дүн шинжилгээ хийх ажлыг захиргааны зүгээс хэрэгжүүлдэг. Ерөнхийдөө зохих журмын дагуу үйл ажиллагаа явуулж байна уу, ямар нэгэн зөрчил гарч байна уу гэдэг дээр нь маш нягт хяналт тавих хэрэгтэй. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь техник технологи, боловсон хүчний хувьд өндөр чадавхи бүхий байгууллага гэдэгээ нотлох үүргийг хүлээдэг.
Томоохон уул уурхайн үйл ажиллагааны хувьд бас хэд хэдэн нэмэлт шаардлага тавьдаг.Үүнд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэр хангасан,мөн бохирдлын эсрэг арга хэмжээг тусгасан, байгаль орчинд холбогдолтой тусгай шаардлагууд байна. Мөн хохирлыг арилгах талын шаардлагуудыг багтаадаг.
Төрөөс хяналтыг хэрэгжүүлэх тухайд төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн зүйл заалтын дагуу үйл ажиллагаа явж байгаа эсэхэд гэнэтийн шалгалтыг хийдэг. Аль ч цагт чөлөөтэй очиж хяналт шалгалт хийх эрх нь нээлттэй байдаг. Аливаа зөрчил илэрсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах үйл ажиллагааг нь зогсоох ийм эрхтэй. Тодорхой нөхцөлийн дагуу зөрчлийг арилгасан тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь сэргээх арга хэмжээ авдаг.Мөн зохих төлбөрийг холбогдох талуудад олгох талын заалт мөн энд багтдаг.
Норвегийн Газрын тос, эрчим хүчний яам нь газрын тосны салбарын хамгийн дээд эрх бүхий төрийн захиргааны байгууллага юм. Энэ яамны удирдлага нь заавал салбарын инженер хүн байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаагүй. Эдийн засагч, хуульч гээд бусад салбарын хүмүүс энэ яамны сайдаар ажилласаар ирсэн. Гэвч уул уурхайн салбартаа мэргэшсэн туршлагатай инженерүүдийг сонгон шалгаруулж ажиллуулсаар ирсэн. Салбарын яам нь уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулах тухайн компанийн байгаль орчинд элэгтэй ханддаг байдал, ажиллагсдын аюулгүй байдлыг хэрхэн хангаж буй зэрэгт байнга хяналт шалгалтыг явуулж байдаг.
Бас нэг зүйлийг нэмж хэлэхэд Норвегид газрын тосны хуулийг батлах явцад улс төрийн ашиг сонирхол, намуудын хоорондын зөрчил маргаан огт нөлөөлөөгүй. Байгалийн хий, газрын тос бол Норвегийн иргэдэд эрт дээр үеэр өвлөгдөн ирсэн байгалийн баялаг юм. Харин Засгийн газар, эрх баригчид тодорхой хугацааны дараа солигдон шинэчлэгдэж байдаг. Иймээс ямар ч улс төрийн нам засгийн эрхэнд байсан хамаагүй тогтвортой хэрэгжих бодлого, эрх зүйн зохицуулалт нь уул уурхайн салбарт хамгаас чухал гэдэг байр сууринд намууд нэгдэж, газрын тосны хууль нь маш ил тод, ойлгомжтой байх ёстой гэсэн шаардлага тавьсан юм.
-Тусгай зөвшөөрөл олгох нөхцөл шаардлага нь ямар байдаг вэ?
-Ашигт малтмалын эрэл хийх, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тал дээр манайх нэлээд нээлттэй. Норвегид хэн ч эрэл хийж болно. Монголчууд ч гэсэн Норвеги улсад ирж эрэл хийж болно. Газрын эзэнд нэг долоо хоногийн өмнө мэдэгдээд болох нь тэр. Ямар нэг төлбөр авдаггүй. Харин эрэл хийсэн газарт эрдсийн хуримтлал байж магадгүй тэгээд нарийвчилсан хайгуул хийх хүсэлтэй байгаа бол газрын эзэнтэй гэрээ хийх ёстой байдаг. Төрийн өмчийн газрын хувьд төрөөс тусгай зөвшөөрөл авах шаардлагатай. Тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргахдаа төлбөр төлнө. Гэхдээ энэ төлбөр тийм ч өндөр биш гэдгийг анхаарах хэрэгтэй. Хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгох талбайн хэмжээ 1км2-с дээд тал нь 10км2 хүртэл зөвшөөрөгдөнө.
Эрэл хайгуулын явцад нөөц тогтоосон бол давуу эрхээр тусгай зөвшөөрөл авдаг.
Хүсэлтийг нь хүлээж аваад эдийн засгийн үр ашигтай гэж үзэн дүгнэлтээ гаргасан тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь олгоно гэсэн заалт байдаг. Мөн тодорхой төлбөртэй олгодог тул тусгай зөвшөөрлийн төлбөрийг заана.
Эцэст нь онцолж нэг юм хэлэхийг хүсч байна. Эрдэс баялгийг анх олсон талд нь давуу эрх олгоно гэсэн ийм зарчим яагаад чухал вэ гэдэг тал дээр хэлэхэд Монголын нутаг дэвсгэрийн хувьд Норвеги улсаас том, манай газар нутаг Монголын нутгийн бараг гуравны нэгтэй тэнцэнэ. Тэгэхээр бүх газар нутагт улсын хөрөнгө оруулалтаар хайгуул хийх ямар ч боломжгүй, энэ тал дээр мэргэшсэн хувийн хэвшлийн компаниудыг оруулж хайгуул хийх ажлыг хэрэгжүүлэх боломжийг нь олгох ёстой гэж үздэг.