АНУ-д амиа хорлосон цэргийн тоо дайны хохирлоос давжээ

Хуучирсан мэдээ: 2013.01.17-нд нийтлэгдсэн

АНУ-д амиа хорлосон цэргийн тоо дайны хохирлоос давжээ

Өнгөрсөн онд 349 цэрэг амиа хорлосон тухай АНУ-ын Батлан хамгаалах яам мэдээлжээ.

Энэ нь дайн тулааны үед амиа алдсан америк цэргүүдийн тооноос давж байгаа нь сэтгэл түгшээсэн асуудал болж байгаа аж.

Дээрх 349 америк цэргийн 182 нь армийн албан хаагч, зэвсэгт хүчнээс 60, Агаарын цэргийн хүчнээс 59, тэнгисийн хүчнээс 48 цэрэг байгаа аж.

АНУ-ын цэрэг армид амиа егүүтгэх үзэгдэл 2011 онтой харьцуулахад 15 хувиар өсч, Афганистан дахь дайны хохирлоос давж гараад байна.

2012 онд 237 америк цэрэг дайн тулаанд үүрэг гүйцэтгэж яваад амиа алдсан хэмээн Пентагоноос мэдээлэв. Үүн дээр ар талын албанд зүтгэж байхдаа амь үрэгдсэн цэргүүдийг нэмбэл 313-т хүрч байгаа аж.

Өнгөрсөн жил арми дахь амиа хорлолтоос сэргийлэх арга хэмжээ авч, алба хааж буй цэргүүд болон ахмад дайчдад сэтгэл зүйн анхаарал халамж түлхүү тавих болсныг сенатч Патти Мюррей ярилаа.

Америкийн цэрэг армид дэлгэрч буй энэхүү “тахал”-ыг анхааралдаа авах цаг болсныг тэрээр онцлов.

Батлан хамгаалахын сайд Леон Панетта өнгөрсөн оны долдугаар сард амиа хорлох асуудлаар болсон уулзалт дээр мэдэгдэхдээ, Пентагонд ирснээс хойш тулгарч буй хамгийн ээдрээ түвэгтэй асуудлын нэг нь энэ болж байна гэжээ.

Армийн удирдлагын зүгээс ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа ч амиа егүүтгэх хандлага цэргүүдийн дунд газар авсаар байгаа аж.

АНУ-ын Ахмад дайчдын асуудал эрхлэх хэлтсээс мэдэгдсэнээр, 80 минут тутамд нэг ахмад дайчин амиа хорлож байгаа ажээ. Энэхүү эмгэнэлт үзэгдэл, хандлагыг зогсоох, бууруулах яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байгааг тус хэлтэс эрх баригчдад хандан сануулж байна.

Н.МӨНХЖИН

Эх сурвалж: "Зууны мэдээ"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж