Японы “Nikkei”-д мэдээлснээр 2013 оны нэгээс гуравдугаар сарын хооронд “Apple” компани iPhone смартфоны дэлгэц нийлүүлэгч Японы “Sharp” болон Өмнөд Солонгосын “LG Display” компанид нийт 65 сая ширхэг дэлгэц захиалсан байжээ. Гэвч захиалгынхаа тал хувийг цуцалсан тухай мэдээлэл цацагдсан даруйд “Apple” компанийн болон бусад ханган нийлүүлэгчдийн хувьцааны ханш унаж эхэлсэн байна.
Тухайлбал, Токиогийн хөрөнгийн биржид “Sharp” корпорацийн хувьцааны үнэ долоон хувиар, iPhone-ын чанга яригч нийлүүлдэг “ACC Technologies” компанийн хувьцааны үнэ Хонгконгийн биржид 4,2 хувиар тус тус буурчээ. Мөн Нью-Йоркийн бирж дэх “Apple”-ын хувьцааны ханш ч буурсан байна.